БАЯНХОНГОР: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-05 13:26:42

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2024.01.05-ны 02.51.19 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.


Газар зүйн байршил (өргөрөг, уртраг) 46.52 99.64 бөгөөд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс Хойд зүгт 34км, Галуут сумын төвөөс Баруун урд зүгт 44км, Жаргалант сумын төвөөс урд зүгт 57км-т болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж. Мэдээллийн мөрөөр тухайн сумдын иргэдийн төлөөлөлтэй холбогдоход ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэлээ.


2023 онд аймгийн хэмжээнд гурван удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг. Энэ бүсэд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ