Адууны сахуу өвчний вакциныг Монголд үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2024-01-11 09:49:27

ЯКУТ, 2024 оны нэгдүгээр сарын 11 /TASS/. Оросын эрдэмтдийн гарган авсан, адууны сахуу өвчний вакциныг Азидаа томоохонд тооцогдох баазад буюу Монгол Улсын “Биокомбинат” үйлдвэрт үйлдвэрлэж эхлэхээр болжээ. 


Энэ тухай мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн Сибирь дэх салбар болох "Якутын Шинжлэх ухааны төв"-ийн Якутын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн мал эмнэлгийн биотехнологийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах судлаач Михаил Неустроев ТАСС агентлагт мэдээллээ.


"Бид Орос, Казахстаны бүс нутгуудад адууны сахуу өвчний вакцин нийлүүлдэг. Одоо бид вакциныг Монголд үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ улсын адууны тоо толгой 4.8 саяд хүрдэг. Бид мөн туршилт явуулж, шинжлэх ухаан, техникийн баримт бичгийг баталж, вакциныг бүртгүүлсэн" гэж М.Неустроев ярилаа.


Тэрбээр Бүгд Найрамдах Саха Улсын (Якут) Экспортыг дэмжих төвөөс зохион байгуулсан Монгол дахь бизнесийн томилолтын  хүрээнд Азийн хамгийн том биологийн үйлдвэртэй вакцин үйлдвэрлэх талаар хэлэлцээ хийжээ. "2 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Бид лицензийн гэрээ байгуулж байгаа бөгөөд 2024 оноос үйлдвэрлэл эхэлнэ гэж найдаж байна" гэж М.Неустроев нэмж хэлээд үйлдвэрлэлийг эхлүүлснээр Азийн орнуудад вакцин нийлүүлэх боломжтой болно гэдгийг тодотгов. 


Адууны сахуу өвчин нь адууны тунгалгийн зангилгааны цочмог халдварт өвчин бөгөөд голдуу унага, даага, шүдлэн насны адуу өвчилдөг. Якутын эрдэмтэд 2001 онд уг өвчний вакциныг гарган авч, 2021 онд сайжруулсан вакцинаа дахин бүртгүүлжээ. 

Холбоотой мэдээ