МУЗН-ийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-07 14:27:06

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, чуулганы хуралдаанаар батлах нь зөв гэж үзлээ.

МУЗН 110 гаруй мянган гишүүнтэй. Үүнээс 50 мянга гаруй татвар төлөгч гишүүн, 6420 мэргэшсэн сайн дурын гишүүн, 570 гаруй анхан шатны хороо, 33 дунд шатны хороотой, 60 мянга гаруй өсвөрийн, 15 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ юм.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос өөрсдийн  Үндсэн хуульд нийцүүлэн Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн загвар хуулийг боловсруулжээ. Үүний дагуу МУЗН-ийн статусыг шинэчилж, төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж, туслах үүрэг хүлээж ажилладаг, үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан, шинэчлэн баталгаажуулах шаардлага тулгарсан хэмээн МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ё.Отгонбаяр нар МУЗН аливаа гамшиг, ослын үед байнгын бэлэн байдалд ажилладаг, төрд туслах томоохон хүч тул хуулийн төслийг батлах нь зөв гэсэн санал хэлсэн.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь дэмжлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд