ГИХГ өдөрт 700-1100 иргэнд үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-12 16:02:02

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах тушаалтны нэгдсэн цугларалт” энэ сарын 10-11-нд боллоо.


Энэ үеэр өнгөрсөн оны ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэхээс гадна албан хаагчдын сэтгэлгээ, ёс зүйн хандлага, уламжлалт зан үйлийг өөрчлөх, шинэ мэдлэг олгохоор зохиолч, эрдэмтэн, судлаачдыг урьж, удирдах ажилтны манлайлал, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулсан юм. 


Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр, “Бид өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчноо сайжруулж, цахим шинэчлэлийг үе шаттай хийлээ. 2021 оноос виз зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээ цахимжуулж, 170 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн. Цахимжихаас өмнө өдөрт дунджаар 240-520 иргэнд үйлчилдэг байсан бол одоо өдөрт 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдэж байна. Цаашид ч удирдлагын оролцоо бага, үйл ажиллагаа нь бүрэн цахимжсан байгууллага болох ёстой. Албан хаагчдын асуудалд хандах хандлагыг эергээр өөрчлөх, шат шатны удирдах албан тушаалтнууд захиран тушаах бус хууль ёс, ёс зүйтэй үлгэрлэн манлайлах нь чухал” хэмээв.


Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг лекц уншиж, дэлхий нийтийн хандлага, соёлын өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг мэдээлэв. ТАЗ-өөс Канадын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн Монголд мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн хүрээнд Хүний нөөцийн удирдлага, Ёс зүйн менежментийн дэд төслүүд Гадаадын иргэн харьяатын газарт 2022 онд хэрэгжжээ. Төслийн дүнд албан хаагчдыг сургах, залуус төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах, ажил мэргэжилдээ өсөн дэвших нөхцөл боломжууд бүрдсэн билээ. 


Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл “Монголын төрийн албаны уламжлал, удирдах албан тушаалтны эх оронч сэтгэлгээ” сэдвээр төрийн албан хаагчийн ёс зүй, монголчуудын уламжлалт ёс суртахуун, шударга ёсыг хэрхэн бэхжүүлж байсан талаар лекц уншивМөн Төрийн соёрхолт, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Монголчуудын сэтгэл зүйн онцлог, үнэт зүйл”, Дипломатч,  түүхийн ухааны доктор Ё. Отгонбаяр  “Дэлхий дахины өнөөгийн шинэ геополитикийн нөхцөл байдал, Түүхийн ухааны доктор, судлаач Р. Болд “ Дэлхийн шинэ дэг журам ба Монгол”, Полиси төвийн захирал, лектор Б.Эрдэнэгэрэл “Удирдлагын манлайлал” сэдвээр лекц уншсан юм.

Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилт түүнд хүрэх бодлого, шийдвэр, хэрэгжүүлсэн үр дүнг хэлэлцэх, түүнчлэн удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилготой уг цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга нар, чиглэл хариуцсан ахлах албан тушаалтан зэрэг 30 гаруй албан хаагч оролцов.

Холбоотой мэдээ