Төмөр замын өндөр хүчин чадлын зүтгүүрүүдийг АНУ-аас Монгол руу ачлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-15 10:07:06

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. АНУ-аас төмөр замын өндөр хүчин чадлын зүтгүүрүүд Монгол руу ачигдлаа.

Зүтгүүрүүдийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын “Progress Rail A Ceterpillar” компанийн гол замын өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэгдэх юм.

Эхний хоёр зүтгүүрийг өнөөдрийн байдлаар Номхон далайгаар тээвэрлэн явж байгааг мэдээллээ. Ирэх хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд ирэх аж. Нийтдээ зүтгүүрүүд гуравдугаар сарын сүүлээр бүрэн нийлүүлэгдэнэ.


Харин дараагийн ээлжийн дөрвөн зүтгүүр АНУ-ын Зүүн эрэг Атлантын далайн Morehead боомтоос усан онгоцонд ачигджээ. Уг вагонууд нь 5,000 тонн жинтэй галт тэргийг татах 4,500 морины хүч буюу 3,355 кВт чадалтай, ашиглалтын үеийн зардал, засвар үйлчилгээ багатай, өндөр найдвартай бүтээцтэй юм байна.  

Зүтгүүрүүд бүрэн нийлүүлэгдэж ирснээр Монгол Улсад дутагдаж буй төмөр замын зүтгүүрийн парк өргөжиж, тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэх боломж бүрдэх талаар мэдээллээ.

Холбоотой мэдээ