БАЯНХОНГОР: Ламын гэгээний улаан тэмээг үүлдрээр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-16 09:53:03

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталсан “Үржлийн малд хянан магадалгаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-ын дагуу Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст, Өлзийт суманд үржүүлж байгаа Ламын гэгээний улаан тэмээний үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явагдсаныг үнэлж, ХХААХҮСайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн үүлдрээр баталлаа.


Сайдын зөвлөлийн хурлаар Ламын гэгээний улаан үүлдрийн тэмээний үржил селекцийн ажлын хөтөлбөрийн батлан гарал үүсэл, ашиг шимийн үзүүлэлт, эрүүл мэндийн арга хэмжээг баталгаажуулах зорилгоор жил бүр үзлэг ангилалтад хамруулан, ээмэглэн бүртгэлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгав.


Сүү, ноосны чиглэлийн ашиг шим өндөртэй Ламын гэгээний улаан тэмээ нь говь болон тал хээрийн бүс нутагт тохирсон, махан ашиг шим сайтай, сүү болон ноосны гарц өндөртэй байгаа нь бусад үүлдрийн тэмээнээс онцлогтой байна.



Монгол тэмээг судлах, түүний үүлдэрлэг байдлыг сайжруулах, тэмээний тоо толгойг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх ажилд орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчид олон жил хамтран ажиллаж ирсэн байдаг. Энэ ажлын хүрээнд 2017 онд Ламын гэгээний улаан тэмээ нь үржлийн хэсгээр батлагдсанаас хойш үржүүлэг, селекцийн ажил үргэлжлүүлэн хийж, эдүгээ удам үндэслэгчдийг тодруулан, бүртгэл хөтөлж, үржлийн цөм сүрэг бүрдүүлэн, удмын үржүүлэг явуулсны дүнд ноос, сүү, мах, ноос, хурдлах чадварын чиглэлээр дөрвөн удам бүхий тохиромжтой хэвшлийн тэмээг Баянлиг, Баянговь, Богд, Жинст, Өлзийт суманд тархаан үржүүлж байгаа юм.


Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ нь ноос, сүүний гарцаараа монгол тэмээ болон бусад үүлдрийн тэмээнээс харьцангуй давуу үзүүлэлттэй, бие даасан популяци болохыг энэ тэмээний генетикийн тогтоцын болон ашиг шимийн судалгаа харуулж байна.

Холбоотой мэдээ