Улиастай сумын II цэцэрлэг шинэ байранд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-27 16:47:12

Завхан аймгийн 2-р цэцэрлэг шинэ байранд орж нээлтээ хийлээ.

Тус цэцэрлэгт 2-5 насны 220 хүүхэд хүмүүждэг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш монгол гэрт үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг  Н.Гунаажав захиралтай Завхан аймгийн "Бэрсүм" ХХК хийж гүйцэтгэсэн байна. Нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан,  Жалханз хутагт Данзанчойжийванчүг болон аймгийн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцлоо.  

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан-“Цэцэрлэгийн хамт олонд орчин үеийн тохилог байртай болсонд баяр хүргэе. Ийм сайхан байртай болж  ирээдүйн эзэд болсон бяцхан үрсийн маань оюун ухаан, дуу хуур, инээд хөөр бялхсан ирээдүйн зөв монгол хүн төлөвших эрдмийн үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ. Энэ үеэр хандивлагчдын дэмжлэгээр 170 гаруй төрлийн ном бүхий номын санг нээж өгчээ. 

Эрдмийн их өргөөндөө эрдэм мэдлэг цалгисан, оюунлаг завханчуудын хойч үе болж оюунлаг иргэд төлөвшсөн номын их өргөө байхын ерөөлийг Жалханз хутагт Данзанчойжийванчүг өргөлөө.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ