ДОРНОГОВЬ: Малчдын нэгдсэн өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-17 16:33:57

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас жил бүр зохиодог "Эрдэнэт сүргийн эзэд малчдын нэгдсэн сургалт, өдөрлөг" энэ оны нэгдүгээр сарын 15-17-нд боллоо.

Жилдээ ганц болдог малчдын уулзалтаар “Иргэн бүр санаачлагч, өрх бүр үйлдвэрлэгч” цагаан идээний үзэсгэлэн, адууны өв соёл, үүнийг түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Тод манлай уяач Б.Бат-Өлзийгийн  яриа лекц, сумын мянгат, аварга малчин өрхөд хүндэтгэл илэрхийлэх зэрэг олон ажлыг зохион байгуулжээ.

Малчдын дунд хурдан тэмээ, торомны уралдаан, сайхан тэмээтэй, сайхан хос, тэмээний өв соёлын талаар буухиа тэмцээн болсон байна. 

Өдөрлөгийн үеэр хоёр малчин өрхөд өргөө цагаан гэрийг гардуулсан бол аймгийн Онцгой комиссоос малчдад өвс, тэжээл, шатахуун, нүүрс түлээ, хоол хүнс, дулаан хувцсаар хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эмийн үйлчилгээ зэрэг цогц ажлыг хэрэгжүүлсэн хэмээн орон нутгаас мэдээлэв.

Холбоотой мэдээ