ТӨВ: Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВт-ын агаарын шугамын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-18 16:49:02

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймгийн эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн явцын талаар мэдээлэл солилцох уулзалт энэ сарын 17-нд  Төв аймгийн Засаг Даргын Тамгын газарт болов. 


Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх болон ажлын хэсэг, аймгийн удирдлага, гүйцэтгэгч компаниуд оролцсон юм.  

 

Уулзалтаар, "Бьюксан инженеринг ХХК"-ийн гүйцэтгэж буй  аймгийн төвийн 30 мегаваттын Дулааны станцын ажил  41 хувь, "Саруул өргөө", "Илчхангай ХХК"-ийн гүйцэтгэж буй Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станц төслийн  ажлын явц 80 хувьтай байгааг мэдээллээ. 

Цахилгаан дамжуулах агаарын шугам татах болон дэд станцын төслийн үлдэгдэл санхүүжилт 10,6 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт бүрэн тусгасан тул ирэх зургаадугаар сард багтаан ашиглалтад хүлээж авах боломжтой болж байна. 

 


Зуунмод хотын Дулааны станцын халаалтын 1-7 дугаар хэсгийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлт хийх төслийн гүйцэтгэгч "Эл Си Би" ХХК-ийн ажил зураг, төслийн тооцооллын зөрүүгээс шалтгаалан удааширчээ. 

Энэ талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлэхдээ, "Уг асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зураг төслийг магадлалд оруулан, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна" гэсэн юм.


Мөн дээрх төслүүдийн захиалагчаар ажиллаж байгаа Эрчим хүчний яамыг гүйцэтгэгч компаниудад хяналт тавьж, графикт хугацааны дагуу чанартай хийх, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад хүлээж авахыг үүрэг болгов.

 

 

Холбоотой мэдээ