Japan Airlines компанийн ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүнийг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-19 10:42:04

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 19 /NHK/. Японы агаарын тээврийн Japan Airlines компанийн ерөнхийлөгчөөр онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэйг томилжээ. Тэрбээр тус улсын томоохон агаарын тээврийн компанийг удирдах анхны эмэгтэй болж байна.


Өдгөө 59 настай Тоттори Мицүко одоогийн ерөнхийлөгч, 62 настай Акасака Южигийн халааг авах ба түүний хувьд тэргүүний албыг хаших ажээ. Харин одоогоор ахлах гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Мицүко ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ албан тушаалдаа орно. 


Лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр аюулгүй байдлыг эн тэргүүнд анхаарна гэдгээ амласан байна. Т.Мицүко 1985 онд тус компанид ажилд орж байжээ. Тэр жил нисэх онгоц осолдсоны улмаас 520 зорчигч, хөлгийн багийн гишүүд амь эрсэдсэн нь миний сэтгэлд маш хүндээр туссан. Бид агаарын тээврийн компанийн үндэс суурь болсон нислэгийн аюулгүй байдлыг баттай хангах чиглэлд ажиллах болногэж тэрбээр хэлэв.


Энэ сарын эхээр тус компанийн нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдсаны дараа Japan Airlines аюулгүй байдлын журамд анхаарлаа илүү хандуулж байна. Тухайн үед зорчигч тээврийн онгоцонд байсан бүх зорчигчийг эсэн мэнд буулгаж чадсан билээ.

Холбоотой мэдээ