Н.Номин: Аливаа зүйлийг хийхдээ сэтгэл ханамж авах нь их чухал санагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нисэх загварын спортын дэд мастер, Зуунмод сумын сурагчдын зөвлөлийн тэргүүн, Хүмүүн цогцолбор сургуулийн сурагчдын зөвлөлийн тэргүүн, Интеракт клубийн ерөнхийлөгч, Өсвөрийн парламент хөтөлбөрийн зохицуулагч, Байгаль орчны яамны дэргэдэх сурагчдын зөвлөлийн гишүүн, Хүмүүн цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нандинцэцэгийн Номинтой ярилцлаа.
-Ярилцлагаа сайн дурын олон нийтийг хамарсан ажлаас биш хичээллэж буй спортын тань тухай сэдвээс эхлэх саналтай байна. Нисэх загварын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? Сүүлийн жилүүдэд тус спортоор олон амжилт гаргаж байгаа мэдээллүүд их байдаг?
-Бага ангиа төгсөөд дугуйлан, сонгон, клубт их хамрагддаг болсон. Дунд ангид
элсэн орох үеэр анги удирдсан Д.Эрдэнэцэцэг багш хэлж өгч байв. Тухайн үедээ инженер
сэтгэлгээ хөгжүүлдэг, өөр олон төрлийн чадварт суралцах учраас оролдоод үзэхийг
зөвлөж байсан. Анх би өөрөө урлагийн хүн болох хүсэл эрмэлзэлтэй байсан боловч
клубт очиж үзэх үеэрээ нисэж байгаа онгоцыг хараад нисгэж үзэхийг хүсч эхэлсэн. Үүнээс
хойш бага багаар суралцсаар 2020 оноос эхлэн томоохон хэмжээний тэмцээн
уралдаанд оролцсон бөгөөд тухайн ондоо Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн
анхдугаар тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн. Цаашлаад Монгол Улсад зохион
байгуулсан цуврал дэлхийн цомын тэмцээний хошой алтан медаль, Монгол Улсын
аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль тус тус хүртээд байна.
-Онгоц хийхэд хэдий хэр хугацаа шаардлагатай байдаг вэ? Мөн хийх үйл явцын талаар мэдээлэл хуваалцвал?
-Ямар төрлийн онгоцыг, хэн хийж байгаагаас шалтгаалж хугацаа өөр өөр байдаг.
Ур чадвар сайтай хүн бол ямар ч төрлийн онгоцыг сарын дотор гаргана. Онгоц
хийхэд миллиметрийн ч зөрүү гаргаж болохгүй,
мөн олон ажлыг нэгэн зэрэг хийх шаардлагатай байдаг учраас маш их хөдөлмөр, цаг
хугацаа, анхаарал шаарддаг.
Онгоц нь далавч, их бие, арын залуур гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Бальза гэх нарийн хөнгөн сортын мод ашиглаж хийдэг бөгөөд түүнийгээ хэмжиж, нарийн зүсэж бэлддэг. Онгоцны зураг, масштабаар буулгасан хэмжээ, далавчны урт, далавч хэд хэдэн карказнаас бүрдэх талаар үндсэн зургаа гаргаад их бие, далавчны зургаа гаргадаг. Ингээд хэмжиж бэлтгэсэн эхээ лазер төхөөрөмжид зүсэж, жижиг жижиг эд ангиудаа бэлдэнэ. Зүсэж бэлтгэснээ зориулалтын цавуугаар нааж угсраад жинлэж, нарийн хэмжилтүүдийг хийж үзнэ. Бүх хэсэг бүрдсэний дараагаар тэгш хэмээ тааруулж байгаад угсарна.
Хамгийн том ажлуудын нэг бол мотор суух, удирдлагын системийг зөв байршуулах байдаг. Удирдлагын систем нь далавчны голд байрладаг бөгөөд хэврэг, см-ын зөрүүтэй, хөдөлсөн бол бидний хөдөлмөр үр дүнгүй болдог. Мөн онгоц бүрэх гэдэг ажил томоохон ажлуудын нэг. Хуулгатай төстэй монкод гэх чимэглэлээр бүрээд, дараагаар нь файл, нэр, код, рекламуудаа наадаг.
-Тухайн спортоор хичээллэснээр ямар төрлийн ур чадвартай болдог вэ?
-Тооцоолж бодох, удаан хугацаанд нэг ажилбар дээрээ ажилладаг учраас тэвчээртэй
болох, бүх ажлаа нэг жижиг алдаанаас болж нураахгүйгээр засаж, сайжруулах
чадвар буюу инженер сэтгэлгээг суулгаж өгдөг.
-Онгоцны загвар, нислэгүүд их олон төрөлтэй юм. Та аль төрлөөр нь хичээллэдэг вэ?
-F1, F2, F1ABCDEFG, F2A, F2B гэсэн төрлүүд байдаг. Үүнээс би F2B төрлөөр буюу жолоодлогот уран нислэгийн төрлөөр
хичээллэдэг. Энэ төрөл нь онгоц хамгийн дээд талдаа 6 минут тойрог хэлбэрээр 42
метрийн диаметрын тойрогт, 16 төрлийн дасгал хийж гүйцэтгэдэг. Дээшээ 45 градус,
газраас 1.5 метрийн зайтай, өнцөгтэй дасгал хийж байгаа бол 45 градус үүсгэн
дасгалаа хийдэг. Оноолтын хувьд 1-10 онооны хооронд коэффициентоор дүгнэдэг.
-Төв аймагт тус спортоор хичээллэдэг хэдэн хүүхэд байдаг вэ? Энэхүү спортоор хичээллэхэд зардал өндөр байдаг уу?
-Тийм ээ. Зардлын хувьд анхлан суралцаж байгаа хүүхдүүдийн анхан шатны
сургалтын онгоц 700-800 мянган төгрөгөөр бүтдэг. Чадваржих тусам зардал өсдөг
бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийд байгаа хамгийн өндөр түвшний онгоц л гэхэд 15
сая гаруй төгрөг байдаг.
Анх дотоод шаталтын бензинээр ажилладаг онгоц ашигладаг байсан. Дэлхийн стандарт цахилгаанаар ажилладаг онгоц шаардаж байгаа. Онгоцны нэг батерей нь 250 евро байдаг ба энэ батерейгаар ганцхан удаагийн нислэг хийдэг. Ер нь л хувь хүнд санхүүгийн тал дээр тэсвэр, хатуужил, төлөвлөлт суулгаж өгдөг.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Залуу зохион бүтээгч клубт 20-25 хүүхэд суралцаж байна. 5-6 хүүхэд онгоц нисгэх ахисан түвшинд хичээллэж байгаа. Энэхүү спортоор хичээллэхэд гэр бүлийн зүгээс дэмжлэг, өөрийн сонирхол их хэрэгтэй байдаг.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Төрийн бус байгууллагуудаа дэмжих төсөв байдаг. Үүнээс дэмжлэг үзүүлж жил бүр санхүүжилт олгодог учраас хүүхдүүдээс төлбөр авдаггүй. Харин сургалтын явцад материалын зардал их гарах үе байдаг бөгөөд энэ үед зайлшгүй шаардлагаар хүүхдүүд хэрэглэгдэхүүний зардлыг өөрсдөө төлдөг.
-Спортоор хичээллэхийн зэрэгцээ сайн дурын ажил их хийдэг. Төгсөх ангийн сурагчийн хувьд хичээл, сайн дурын ажил, спорт, өөртөө зарцуулах цагаа яаж төлөвлөж байгаа вэ?
-Цаг төлөвлөлт байхгүй бүхнийг нэг өдөрт амжуулчих юм шиг санаж өөрийгөө
их ядраадаг байсан. Энэ оны эхнээс бужо хөтөлж эхлээд, оны төлөвлөгөө, сарын
төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргаад өдөр өдөртөө хуваадаг болсон. Энэ жилийн
хувьд эрт харих зарчимтай болж байгаа. Хэт өөрийгөө шахах нь бүх зүйлсээс
халшрах мэдрэмжийг өгч эхэлсэн учраас өөртөө хайртай байхад илүү их анхаарч
байна.
Сүүлд НҮБ-аас зохион байгуулдаг "COP-28" уур амьсгалын өөрчлөлтийн 28 дахь удаагийн зөвлөгөөнд оролцсон. Энэхүү зөвлөгөөнөөс сайн дурын ажлаар модыг тарьдаг байсан ч ургатал нь арчилдаггүй орхидог. Чанар бус тоонд анхаарал хандуулдаг байснаа ойлгож авсан. Хамгийн сонирхолтой мэдээлэл нь өнгөн хэсгийн мод үхсэн байсан ч үндэс нь амьд байх боломжтой. Үүнийг арчлан, тордож чадвал ургадаг гэдгийг ойлгож авсан. Ингэснээр өөрийн амьдралдаа ч мөн алдаж оносон зүйлсээ эргэцүүлэн бодох чадвартай болсон.
-Өөрийгөө хайрлах тухай, юмсын тоо бус чанарын талаар
ярьж байна. Ямар тохиолдолд өөрийгөө хайрлаж байна гэж ойлгох боломжтой вэ?
-Урьд нь бүх л зүйлсийг туршиж, хийж үзэж, суралцаж байна гэж боддог байв. Гэвч үнэн хэрэгтээ надад ямар ч хэрэггүй зүйлст цаг зарцуулж, тархиа амраах, аз жаргалтай байх боломжтой байсан цаг хугацаанаасаа хугасалж байснаа ойлгосон.
Би яг юу хүсдэг, юуг сонирхдог талаараа эргэцүүлэн бодож, түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж чаддаг болсон. Ингэснээр зөвхөн хийх ажлаа бодоод өөрийгөө мартаж, орхилгүйгээр өглөөний цайгаа заавал уух, хөгжим сонсох, мэдээлэл хайх, үг орчуулж мэдэж авах гээд өөрт хэрэгтэй зүйлсэд цаг гаргаж сурсан байна.
Би 1000 гаруй ном уншсан хэдий ч өнөөдөр түүнээсээ санаж байгаа ном нь 10 ч хүрэхгүй байна. Номын тэмдэглэл хийдэг байсан ч тархинд үлдэх байдлаар ойлгож уншаагүй, зөвхөн олон ном унших юм бол аливаа зүйлсийн оргилд нь хүрээд, шилдэг нь болчих юм шиг санагддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд ном уншсан ч сонирхсон номоо барьж авдаг болсон.
Аливаа зүйлийг хийхдээ сэтгэл ханамж авах нь их чухал санагддаг. Суралцаад буцаад надад болон хэн нэгэн хүнд хэрэглэгдэхүйц чадваруудыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй болсон.
Бас юмсыг багаас нь томордог гэдэг зүйлийг ойлгодоггүйгээр шууд л шилдэг нь болох гэж хүчилдэг байсан. Хийгээд л байдаг анхан шатны зүйлээ мэддэггүй байлаа. Жишээлбэл, Ном уншаад л байдаг яаж тэмдэглэл хийхээ, яаж зөв уншихаа мэддэггүй. Мод тариад л байдаг мод тарихдаа юуг анхаарах, цаашид яаж арчлах талаар огт мэдлэггүй байсандаа жаахан харамсдаг.
-Уншигч дүү нартаа хандаад “Арай эрт ойлгосон бол...” гэх мэдрэмж өгсөн өөрийн мэдэж ойлгосон зүйлсээ товчхон хуваалцвал?
-Хаа ч явсан харилцааны ур чадвар гэдэг зүйл маш том толь юм байна гэдгийг
ойлгож авсан. Иймд харилцааны ур чадварт суралцаасай, өөрийнхөө сонирхол хүсэл
мөрөөдлийг хийж чаддаг, хийж чаддаггүй, хийхийг хүсч байгаа зүйлсээ жагсаан бичээд
олоосой л гэж хүсэж байна. Мөн өөрийгөө хайрладаг, үнэлдэг байгаасай. Таны гоё
бичдэг чинь, хурдан алхдаг чинь, утсаа сайн ашиглаж чаддаг чинь хүртэл давуу
тал чинь байдаг юм шүү иймд битгий өөрийгөө голоорой гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.