СЭЛЭНГЭ: Хөрсний үржил шимд анхаарах нь хамгаас чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-26 07:03:47

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбар шинэ гавьяатаар бүл нэмлээ.


Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хайрхан Оргил уул” ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэн Монгол Улсын гавьяат агрономич цол хүртлээ.


Шинэ гавьяатын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.


-Төрийн дээд эрхэм шагнал хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Би газар тариалангийн салбарт 40 дэх жилдээ ажиллаж байна. Трактор комбайнчаас эхэлсэн ажлын гараа минь өнөөдөр компанийн захирал болгож, өндөр төрийнхөө хишгийг хүртэх хүртэл явж ирлээ. Өнгөрсөн жил манай компанийн хамт олон аймгийн аварга хамт олон болж байсан.

Газар тариалангийн үйлдвэрлэл бол үнэхээр үр өгөөжтэй, энэ ажилдаа сэтгэл зүрхээрээ зүтгэж ажилласны минь үр дүн өнөөдөр гарч, төрийн дээд шагнал хүртэж байгаадаа баяртай байна.


-Ажлын тань гол онцлог хийгээд бахархал юу вэ?

-Газар тариалангийн үйлдвэрлэл бол хүн ардынхаа хүнсний хэрэгцээг хангахын төлөө байдаг. Энэ ажлын онцлог бол дандаа ургуулж байдаг, ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөж байдаг онцлогтой. Үүгээрээ бусад салбараас ялгаатай.  


Цаашдаа тариаланчид бид хөрснийхөө үржил шимийг сайжруулах ёстой. Техник технологийн тал дээр орчин үед харьцангуй сайжирсан. Иймээс боловсон хүчин, хөрсний үржил шимдээ маш сайн анхаарч ажиллах юм бол газар тариалан цаашдаа улам хөгжинө.


Хүн ардынхаа төлөө, хүнс бэлдэхийн төлөө ажиллахад хамгийн эхний ээлжинд хөрсөө сайжруулах л хэрэгтэй.  


-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ