Автомашины дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-29 15:22:32

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл өнөөдрөөс эхэлж, Цагаан сарын баяр болох дөхснөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн тул ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх тухай асуудлаар санал авч байна.


Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэс болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем, гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.

 

ЗХУТ-өөс сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үеийнхтэй харьцуулжээ. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, замын хөдөлгөөн 19.1 хувиар нэмэгдсэн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өсжээ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа бөгөөд нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар нэмэгджээ.


Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотой 12 дугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Ийнхүү зохицуулснаар камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар багасжээ. 


Холбоотой мэдээ