Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг маркт мөнхлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдөр тохиож байна. Уг ойн хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт тусгай марк гарсныг олон нийтэд танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нээлтийн үеэр хэлэхдээ, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд Улаанбаатар, Берлин хотод цуврал үйл ажиллагаа зохион байгуулах ба энэхүү ойг өнөөдрийн ёслолоор эхлүүлж байгааг онцлов. Түүнчлэн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, шат ахина гэдэгт итгэл төгс байна хэмээн тэмдэглэсэн юм.
Үүний дараа ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кулитц хэлсэн үгэндээ дипломат харилцаа тогтоосон 50 жил гэдэг харьцангуй бага хугацаа боловч тун өгөөжтэй он жилүүд болж өнгөрсөн гэлээ. Мөн өнгөрсөн 50 жил нөхөрлөл болон хамтын ажиллагаа, итгэлцлээр дүүрэн байсан хэмээв.
“Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт энэхүү хэлхээ маркт Хүрээ цам, Кёльны уламжлалт наадмыг харуулсан бөгөөд чимэглэл хэсэгт хоёр улсын төрийн далбаа, 50 жилийн ойн логог тус тус багтаасан байна. Цам нь нэг талаас соёлын бүтээл мөн хэдий ч нөгөө талаас аливаа муу зүйлсийг зайлуулах, сайн сайхныг бэлгэдсэн шашны зан үйл юм. Харин Кёльны наадмаар үлгэрийн баатрууд, алиалагчид гудамж талбайгаар явж, багт наадам, амьд тоглолтуудыг үзүүлдэг байна. Уг маркийг Гадаад харилцааны яам, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Монгол шуудан” ХК хамтран бүтээсэн ба холбогдох байгууллага, уран бүтээлчид, ахмад дипломатууд мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар дэмжсэн аж.
Монгол Герман хоёр улсын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харуулсан анхны марк 1951 онд гарсан ба Монгол марк бүтээгдсэний 100 жилийн түүхэнд тус улстай холбоотой нийт 80 гаруй сэдвийн маркийг бүтээж, дотоодын болон улс хоорондын захидал харилцаанд хэрэглэж ирсэн аж. Тухайлбал, Германчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр, оюун санааны охь болсон суут хүмүүс, дэвшилтэт техник технологи зэрэг олон сэдвийг сонгож монгол маркт мөнхөлж байжээ.
Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулав.