ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-01 16:58:49

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон тухай цаг уурын байгууллагаас мэдээлэв.


2024 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар тус аймгийн Шарга, Хөхморьт сум 11 см, Жаргалан, Тайшир 10 см, Халиун 8 см, Баян-Уул, Гуулин, Дэлгэр 7 см, Алтай, Тоорой, Бигэр 4 см, Төгрөг, Есөнбулаг, Цогт, Эрдэнэ сум 3 см, Цээл, Тонхилд 2 см, Дарви, Чандмань 1 см зузаан цастай байгаа ба Говь-Алтай аймгийн нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. 


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн Баян-Уулд цасны дундаж зузаан 7 см, нягт 0.25 г/см3 цастайн улмаас цагаан зуд, Гуулин, Тайширт дундаж зузаан 7-10 см, нягт 0.20 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна. 


Одоогоор малын усан хангамж сайн, малын тарга хүч дунд зэрэг байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.

Говь-Алтай аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар 11847 толгой мал хорогджээ. Тодруулбал, Халиунд 6020, Дэлгэрт 1180, Даривт 1045, Есөнбулагт 585, Бигэрт 523, Жаргаланд 471, Чандманьд 438, Цогтод 412, Тонхилд 316, Эрдэнэд 200, Төгрөгт 191, Шаргад 189, Гуулинд 127, Алтайд 101, Тайширт 46, Цээлд 3 толгой мал хорогдсон байна. 


Холбоотой мэдээ