СЭЛЭНГЭ: Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-02 11:46:45

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар, Шаамар сумын усны сан бүхий газруудад хийж байна


Энэхүү ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсголыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын алба, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас хамтран өнгөрсөн мягмар гарагт аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд болон цахимаар хосолсон байдлаар зохион байгууллаа.


Усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосноор хүн амыг үер усны гамшигт өртөхөөс сэргийлэх, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах юм.


Цаашлаад дэглэмийн дагуу хориглосон үйл ажиллагаанаас усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, цаашид усан орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж нөхцөл бүрдэх аж.


Дээрх ажлыг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай байгуулсан гэрээг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ