БАЯНХОНГОР: Хамтарсан хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-01 17:55:13

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяртай холбогдуулан аймгийн хүнсний зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд холбогдох албадын хамтарсан баг шалгалт хийж байна.

 

Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар хамтран хийж буй тус шалгалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөрчлийг шалгаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, хугацаа, хадгалалт хамгаалалт, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуйд нийцэж байгаа эсэхэд хийж буй шалгалтын явцад хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн ихээр илэрч байгааг албаныхан мэдээлэв.


Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, гарал үүсэл, хаяг шошгын мэдээллийг сайтар шалгаж худалдаа хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа бөгөөд зөрчил, гомдол мэдээллийг хүлээн авах 115 дугаарт хандах боломжтой аж.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.3 хувь, сүүний үнэ 12.5 хувиар  нэмэгдэж, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой  байна.

Нэгдүгээр сарын 29-ний байдлаар нэг кг хонины махны дундаж үнэ 10000 төгрөг, нэг кг үхрийн цул махны үнэ 14000 төгрөг, нэг кг ямааны махны үнэ 7500 төгрөг, 1 кг цагаан будааны үнэ 3850 төгрөг, 1 кг 1 дүгээр зэргийн гурилын үнэ 2750 төгрөг, 1 кг элсэн чихрийн дундаж үнэ 4850 төгрөг, 1 литр дизелийн түлшний үнэ 4140 төгрөг, 1 литр АИ-92 бензиний үнэ 2530 төгрөг, 1 литр АИ-80 бензиний үнэ 2500 төгрөг байна.

Холбоотой мэдээ