Дэлхийд нэрээ мөнхөлсөн Германы хөгжмийн суутнууд

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-02 12:10:00

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 18-19 дугаар зууны үеийн Германы хөгжмийн зохиолчид Өрнө дахины хөгжмийн урлагийг олон чиглэлээр тодорхойлж байсан бөгөөд сонгодог хөгжмийн тайзыг германчуудгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.


Австри, Итали хоёрыг сонгодог хөгжмийн эх нутаг гэж үздэг бол Герман орныг ч мөн адил ийм зиндаанд үнэлэх нь хэтрүүлсэн болохгүй. Хөгжмийн урлагийн түүхэнд төрөн гарсан дэлхийн агуу хөгжмийн зохиолчдын дотор 20-иос давсан тооны герман үндэстэн байдаг. Тэдний зарим нь эх орондоо хөгжмийн боловсрол олж аваад, авьяас чадвараа таниулсан бол зарим нь Германд хөгжмийн зохиолчийн замналаа эхлүүлснийхээ дараа харь оронд очиж, өөрсдийн сор бүтээлүүдээ туурвиснаар эх орноо дэлхийд алдаршуулж байлаа. Хөгжим судлаачид, урлагийн шүүмжлэгчид тэднийг “сод ухаантнууд”, “шинийг эрэлхийлэгчид”, “хувьсгалчид” хэмээн үнэлдэг нь санамсаргүй хэрэг биш юм. 


Дэлхийн бүх театрт “эгшиглэгч” Иоганн Себастьян Бах /1685–1750/


ХVIII зууны Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бах өөд болсноос хойш 270 гаруй жил өнгөрсөн ч  түүний бүтээсэн хөгжмийн аялгуу дэлхий даяар улам хүчтэй цуурайтаж, өргөн дэлгэрсээр байна. Амьд сэрүүн цагт нь түүнийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд нас барснаас нь хойш 100 орчим жилийн дараа нэрт хөгжмийн зохиолч Ф.Мендельсоны удирдлагаар алдарт "Матвейн шаналал" зохиолыг нь олны өмнө тоглож, бүтээлүүдийг нь Германд анх удаа эмхэтгэн гаргажээ. Тэр үеэс хойш дэлхийн бүх хөгжимчин түүний бүтээсэн яруу тансаг аялгууг бахдан, онгодоо хөглөж сэтгэл оюунаа баясгасаар байна.

Энэ хүн тухайн үед үүсэн хөгжиж байсан хөгжмийн бүхий л төрөл жанраар бүтээлүүдээ туурвиж байсан тул түүний зохиолууд маш олон талтай, баялаг агуулгатай байдаг. Бүтээл бүрдээ уран бүтээлийн шинэ шинэ хэмжээс, хөгжимдөх шинэ шинэ арга барилыг нээн илрүүлж байлаа. Түүний зохиолуудад оюун санааны эрэл хайгуул, гүн эргэцүүлэл ба уран сайхны агуу сүрлэг ертөнц оршин байдгийг урлаг судлаачид анзааран мэдэрчээ. Өдгөө дэлхийн даяарх концертын бүх танхимд түүний бүтээсэн аялгуунууд эгшиглэж байна.  


Тэрбээр хөгжмийн хэмнэл, найруулгыг сольж холин “зугаагаа гаргах”, аливааг шинээр сэтгэж, туршиж үзэх дуртай байсан бөгөөд Итали, Франц зэрэг орны хөгжмийн төрөл жанруудыг Германы хөгжмийн урлагийн хөрсөнд нутагшуулахыг эрмэлзэж байлаа.


Төгс ур чадвартай орган хөгжимчин Бах энэхүү гайхамшигт хөгжмийн зэмсэгт зориулан токката, фантазия, пассакалия, найрал дууны удиртгал зэрэг уламжлалт төрөл жанруудыг шинэчилж байв. Гарамгай хөгжимчин, даралтат хөгжмийн зэмсгүүдийг төгс эзэмшсэн тэрбээр мөн хийл, морин хийл, лимбэ, гобой хөгжмийн зэмсгүүд, найрал дуу, найрал хөгжимд зориулан сонатууд, сюитууд, партитууд, концертуудыг зохиосон нь тухайн зэмсгүүдийн техникийн боломж, илэрхийлэх чадамжийг эрс сайжруулжээ. 


Бахын хамгийн шилдэг зохиолуудын нэг бол орган хөгжимд зориулсан «Токката, ре минорын фуг» мөн. Өөр нэгэн суут бүтээл нь лимбэний гоцлол бүхий “Найрал хөгжмийн сюитийн бадинери №2” юм. Түүнчлэн хамгийн шилдэг найрал дуу, хөгжмийн зохиомжуудын дотор "Иоанны зовлон шаналал" кантат, си минорын “Месса” зэрэг алдарт бүтээлүүдийг нь нэрлэж болно. Иоанн, Матфей нарын "шаналал" гэдэг нь Иисус Христийн тарчлаан зовлонгийн тухай хүүрнэл юм. "Месса”, "Шаналал" хоёр нь католик сүмийн найрал дуу байсан бол И.С.Бахын зохиолууд шашны агуулгаас хальж концертын шинжтэй монументаль бүтээл болжээ.


Түүнээс гадна хоёр ба гурван хоолойд зориулсан аязууд, "Франц сюит", "Англи сюит", "Жигдрүүлсэн хөгт зориулсан клавир" хэмээх бүтээлийн нэгдүгээр ботид орсон 24 удиртгал хөгжим, ре минорын "Сайтар хэмнэлжүүлсэн уран сэтгэмж ба фуг" зэргийг дурдаж болно.


Өнөөдөр Бахын хоёр болон гурван хоолойд зориулсан аязуудыг хөгжмийн сургуулийн, "Жигдрүүлсэн хөгт зориулсан клавир" номыг хөгжмийн дунд сургууль, консерваторийн сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээл болгон оруулжээ.


Өөрийнх нь үед амьдарч байсан хүмүүст төдийлөн ойлгомжгүй, тэдэнд хүлээн зөвшөөрөгддөггүй байсан Бахын уран бүтээлүүд хожим нь классицизмын эрин үеийн хөгжмийн урлаг цаашид хөгжих бат бөх суурийг тавьж өгсөн билээ.


Бүх жанраар туурвигч Людвиг ван Бетховен /1770-1827/

Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Бетховен бол классицизм ба романтизмын хоорондох завсрын үед Өрнийн /Венийн/ сонгодог хөгжмийн сургуулийг төлөөлж байсан гол хүн. Дэлхий даяар түүнийг хүндэлж, зохиол бүтээлүүдийг нь хамгийн олон удаа тоглож байна  


Тэрбээр дуурь, драмын жүжгийн хөгжим, найрал дуу гээд тухайн үеийн хөгжмийн бүх төрөл жанраар бүтээлээ туурвидаг байв. Түүнээс өвлөгдөн үлдсэн төгөлдөр хуур, морин хийлд зориулсан сонатууд, төгөлдөр хуур, хийлд зориулсан концертууд, утсан хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээлүүд, удиртгал хөгжим, симфони найрал хөгжмийн бүтээлүүд өнөөдөр ч эгшиглэж байна.


Дэлхий даяар бүтээлүүд нь хамгийн олонтаа тоглогддог хөгжмийн зохиолч Бетховен бол Өрнийн уран сайхны хөгжмийн салбарын анхдагчдын нэг, классицизмаас романтизмд шилжихэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүн юм.


Хөгжим судлаачид түүний уран бүтээлүүдийг гурван үед хуваадаг. Эхэн үеийн бүтээлүүдээ /1 дүгээр ба 2 дугаар симфониуд/ бичихэд нь өмнөх үеийн Моцарт, Гайдн нар хамгийн ихээр нөлөөлсөн бол дунд үе эхлэх үед түүний сонсгол муудаж эхэлжээ. Дөнгөж 34 насандаа сонсголоо бүрэн алдсан хэдий ч түүний дотоод сонсгол нь асар ихээр хөгжиж, зохиолуудаа үргэлжлүүлэн туурвисаар байлаа. Чухам энэ үед тэмцэл, баатарлаг үйлсийг магтан дуулсан туульсын сэдэвт зохиолуудаа /№ 3–8 симфониуд/ бичсэн нь итгэхийн аргагүй гайхамшиг. Харин уран бүтээлийн хожуу үедээ 9 дүгээр симфонио туурвисан нь өөрийн үзэл бодлыг хүчтэй илэрхийлж, шинэлэг зүйлээр дүүрэн, оюун санааны гүнзгий эргэцүүлэл бүхий зохиомжтой байлаа.  


Бетховены хөгжмийн чанар чансаа нь романтизмын эрин үед түгээмэл байсан “тодорхойгүй байдал ба гоо үзэсгэлэн”-г хооронд нь нэгтгэхэд оршиж байв. Дээр нь герман хүний сэтгэл хөдлөлийг тусгасан нь ойлгомжтой. Тухайлбал, тэрбээр Гётегийн “Тарвага” гэдэг шүлгээр бүтсэн дуунд ая хийсэн бөгөөд өдгөө ихэнх найрал дууны дугуйлангуудад энэ дуугаар сургуулилалт хийдэг. 


2018 онд Бонн хот дахь төрсөн гэрээс нь холгүй орших нэгэн талбайд Бетховений хөрөг бүхий замын гэрлийг суурилуулсан нь мэндэлснийх нь 250 жилийн ойд зориулсан том хүндэтгэл байв.


Шинэчлэлийг санаачлагч Кристоф Виллибалд Глюк /1714–1787/


Глюк бол классицизмын эрин үед Европт хөгжиж байсан дуурийн хөгжмийн хамгийн алдар хүндтэй төлөөлөл юм. Чухамдаа түүний уран бүтээлийн нөлөөгөөр Европын дуурийн урлаг итали үг хэллэг, хуучинсаг уламжлалаас ангижирчээ.


Тэрбээр гоцлол дууг бус харин хөгжмийн найруулгыг чухалчлан үздэг байлаа. Ингэснээр дуучныг зөвхөн бие хүн талаас нь сонирхдог, тухайн дуучин “од” болсон эсэхээс хамааран аливаа хөгжмийн зохиомжийн чанар чансааг үнэлэх байдлыг халснаар үзэгчдэд шинэ боломжийг нээж өгсөн юм.

Тэрбээр өгүүлэмж ба үйлдлийг фрагментацлах буюу хэсэгчлэн хуваахаас татгалзсанаар дуурьслыг илүү тодорхой ойлгомжтой болгожээ. Түүний энэ найруулах арга барил нь хожим нь Рихард Вагнерын хөгжмийн драмын бүтээлүүдэд шууд нөлөөлсөн юм. 


Глюк Францын ба Италийн дууриудын хэв маягийг хооронд нь хольж нийлүүлэх байдлаар Парисын театруудад зориулан 8 дуурь бичжээ. Түүний хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг бол эрт цагийн эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн “Ифигения Тавридад” дуурь юм. Мөн 1760-аад оны үед туурвисан “Орфея ба Эвридика”, “Альцеста” гэдэг бүтээлүүд нь хөгжим судлаачдын үздэгээр, дуурийн жинхэнэ хэлбэрийг нээн илрүүлсэн байна.


Хожим нь, Германы олон хөгжмийн зохиолчид Глюкийн уран бүтээлээс санаа сэдэл авч, түүнийг “урамшуулан зоригжуулагч” хэмээн нэрлэж байв. Харамсалтай нь, Глюкийн өөрийнх нь бичсэн хөгжмийн уран бүтээлүүд олон түмний сонорт хүрэлгүйгээр нууцлагдан дарагдаж, тун цөөн удаа тоглогджээ.



Жинхэнэ сэргэн мандалтын хүн буюу Феликс Менделсон /1809–1847/


Энэ нэрийг дурдах төдийд л хуримын марш гэдэг аялгуу тархинд шууд эгшиглэнэ. Гэхдээ Ф.Менделсон зөвхөн энэ бүтээлээрээ нэрд гарсан гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Түүхчид түүнийг “жинхэнэ Сэргэн мандалтын үеийн  хүн” гэж нэрлэдэг нь олон талын авьяас чадвар, асар өргөн мэдлэгийг нь үнэлсэн хэрэг юм. Тэрбээр гоц сайн зураач, уран зохиолын шүүмжлэгч, философийн гүнзгий мэдлэгтэй нэгэн байлаа.  


Харин хөгжмийн зохиолчийн замналыг нь харвал, Менделсон бол Германы хөгжмийн сургуулийг үндэслэгч, Лейпциг хотын Хевандхаусын найрал хөгжмийн удирдаач, Бахын уламжлалыг сэргээсэн хөгжмийн зохиолч юм. Түүнийг “19-р зууны Моцарт” гэдэг байсан нь арай хэтрүүлсэн хэрэг. Гэхдээ гоц авьяас нь маш эрт тодорсон түүний яруу тансаг аялгуу, гэрэл гэгээтэй өгүүлэмж нь Моцартыг санагдуулдаг.


Менделсон эрт эдүгээгийн урлан бүтээх аргуудыг хослуулан хэрэглэж чаддаг, ардын дуу, шүлэг, хөгжим ба шинэ үеийн яруу найраг, дэлхийн утга зохиол, хөгжмийн урсгалуудыг соргогоор мэдэрч уран бүтээлдээ өргөн ашигладаг байжээ. Тэрбээр тэмцэл хөдөлгөөн, баатарлаг үйлс, гүн ухааны эргэцүүлэл гэх мэт зөрчил агуулсан хөгжмийн зохиол бичдэггүй, харин тогтсон хэлбэрт нийцүүлэн уянгалаг гэгээлэг тансаг аялгууг урладаг байв.


Менделсон 17 нас хүрээгүй байхдаа Шекспирийн зохиолоор “Зуны шөнийн зүүд” гэдэг симфони удиртгал бичсэн нь хожим бичсэн хөгжмүүдээс нь ур чадварын хувьд давж гарсан юм.  Түүнчлэн “Камахо гэрлэсэн нь” дуурь, шашны хөгжим, төгөлдөр хуурт зориулсан зохиолууд, симфониуд ба квартетууд нь хөгжмийн олон төрөл жанрыг хамарчээ.


Суут хүмүүсийн ихэнх нь амьдралын зовлон зүдгүүрийг туулсан байдаг бол чинээлэг гэр бүлд төрсөн Менделсон ахуй амьдралын аар саар зүйлд сатааралгүй хөгжмийн ертөнцөд хөл тавьснаараа бага залуудаа богино хугацаанд  нэр алдарт хүрсэн байна.  


Менделсоны хөгжим нь тухайн үедээ арай хуучинсаг өнгө аялгуутай байсан тул түүнийг суут хөгжмийн зохиолч гэж үнэлдэггүй байжээ. Харин одоо зүй ёсоор түүнийг дэлхий дахинаараа "гайхамшиг" хэмээн тодорхойлж байна.


Ташрамд, Менделсоны №1 бүтээлийн тухай сонирхолтой түүхийг товчхон өгүүлье. Анхандаа түүний хуримын марш нь Шекспирийн “Зуны шөнийн зүүд” зохиолоор хийсэн жүжгийн хөгжмийн нэг хэсэг байв. Зохиолын дүрүүд болох гурван хүн энэхүү сүрлэг ая эгшиглэх үед сүмийн шүтээний зүг алхдаг.


Харин хөгжмийн зохиолчийг нас барснаас хойш 11 жилийн дараа уг аялгууг хуримын марш болгох санаа зарим үзэгчид төржээ. Ингээд Менделсоны зохиосон аяыг Британийн гүнж Виктория, Пруссын ханхүү Фридрих нарын хуримын үеэр орган хөгжмөөр анх удаа эгшиглүүлсэн байна. Сүйт бүсгүй шүтээний зүгт алхах үед Вагнерын зохиосон “Лоэнгрин” дуурийн найрал дуу эгшиглэж байсан бол яг хуримын үеэр “Хуримын марш”-ыг тогложээ. Англичууд үүнээс санаа авч уг маршийг саундтрэк болгон ашиглаж эхэлсэн нь хожим бусад улс оронд тархжээ.


“Ирээдүйгээс ирсэн хөгжимчин” Рихард Вагнер /1813–1883/


Энэ хүн бол романтизмын эрин үед Германы хөгжмийн тансаг аялгууг түгээн дэлгэрүүлж байсан хөгжмийн зохиолч юм. Түүнд алдар хүндийг авчирсан төрөл жанр бол дуурь бөгөөд тэрбээр үүнийг “хөгжмийн драм” гэж нэрлэдэг байжээ. 


Баялаг нийцэл зохирол, найрал хөгжимд зориулж өөрчилсөн байдал, үлэмж нарийн бүтэц ба утга санаа бол Вагнерын бүтээлүүдийн онцлох шинжүүд мөн. Эрс шинэчлэлийн үзэл санааг тууштай баримтлагч тэрбээр Европын сонгодог хөгжмийн хөгжмийн хөгжилд асар ихээр нөлөөлсөн юм.

Хөгжмийн урлаг дахь уламжлалыг дээдлэх традиционалист хэв маягийг таалдаггүй байсан Вагнер үнэндээ бол “ирээдүйгээс ирсэн хөгжимчин” байлаа. Ялангуяа түүний бичсэн “Тристан Изольда хоёр” дуурь бол орчин үеийн хөгжмийн анхдагч суурь бөгөөд “Нибелунгийн бөгж” хэмээх дөрвөн дууриас бүрдэх туульсын цуврал нь түүний уран бүтээлийн ноён оргил юм.


Харамсалтай нь, хувь хүнийх нь зөрчилт шинж байдал, улс төрийн үзэл бодлоос нь шалтгаалж  хөгжмийн салбар дахь Вагнерын нөр их хөдөлмөр үгүйсгэгдэн дарагдаж байжээ. Тухайлбал, еврейчүүдийг үзэн ядах үзлийг агуулсан өгүүллүүд нь түүнийг Гитлерийн хайртай хөгжмийн зохиолч болгосон гэх яриа бий.


“Гурвалсан Б”-гийн нэг Иоханнес Брамс /1833–1897/


Энэ суутныг ийнхүү тодорхойлох нь түгээмэл бөгөөд нөгөө хоёр нь Германы хөгжмийн суутнууд болох Бах, Бетховен нар юм. Брамс өөрийн шинэлэг агуулгатай бүтээлүүдээрээ бүх цаг үеийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг хэмээн үнэлэгддэг.


Тухайн үеийн хөгжим судлаачид түүний бүтээлүүдийг хэтэрхий академик, онолын шинжтэй гэж шүүмжилдэг байв. Харин Брамсын зохиомжууд дахь перфекционизм буюу оюун санаагаа төгс төгөлдөр болгох тухай сургаал ба хичээнгүй зүтгэл нь дараа дараагийн үеийн сонгодог ба барокко хөгжмийн урсгалуудын мастеруудад хүчтэй нөлөөлжээ.


Брамс симфони найрал хөгжимд зориулсан бүтээлүүдээрээ алдартай бөгөөд юуны түрүүнд 1-р симфонийг нь дурдах нь зүйтэй. Энэхүү симфонио туурвиж дуусгахын тулд тэрбээр амьдралынхаа бүхэл бүтэн 21 жилийг зориулсан гэдэг. Харин олон нийтэд зориулсан хит бүтээл бол унгар ардын хөгжмөөс сэдэвлэсэн “Унгар бүжиг” юм. Үүнийг дурдахуйд “Тав дахь бүжиг”-ийн аялгуу таны толгойд шууд орж ирэх биз ээ. Уг хөгжмийн цувралд тус бүр нь 1-4 минут эгшиглэх 21 аялгуу багтсан байдаг.


Европын хөгжмийн томоохон төв болж байсан Вена хотод өнгөрүүлсэн он жилүүд түүний амьдралд онцгой хүчтэй нөлөөлсөн юм. Венад байхдаа түүний бичсэн анхны симфонийг "Бетховены 10 дугаар симфони" гэж нэрлэж байлаа. Олон жилийн нөр их хөдөлмөр, гайхамшигт уран бүтээлүүдийг үнэлж, түүнд Берлиний Урлагийн академийн гишүүн,   Хамбург хотын хүндэт иргэнээр өргөмжилж, Кембрижийн их сургуулийн хөгжмийн докторын зэргийг хүртээжээ.


...Эцэст нь өгүүлэхэд, Германаас өөр дэлхийн аль ч улс орон ийм олон хөгжмийн суутныг төрүүлээгүй билээ. Бах, Гендель, Бетховен, Брамс, Гайдн, Менделсон, Шуман, Шуберт, Штраус, Арф, Вагнер гэх нэрсийг сонсохуйд, тэдний зохиосон тансаг аялгууг мэдрэхүй дор аливаад тооцоотой ханддаг, ёсорхуу хөндий гэгдэх германчуудын тухай хэвшмэл ойлголт тэр даруй өөрчлөгдөнө. 

Холбоотой мэдээ