СҮХБААТАР: Онгон, Наран, Дарьганга сумын хэрэглэгчид цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Онгон, Наран,
Дарьганга сумын хэрэглэгчид өнөөдрөөс цахилгааны
найдвартай эх үүсвэрээр хангагдлаа.
Тодруулбал, орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Онгон суманд байрлах
цахилгаан дамжуулах 35/15кВ 1000кВа трансформаторт засвар үйлчилгээ, өргөтгөл хийж, дэд станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, ашиглалтад оруулжээ.
Дээрх трансформаторт өнгөрсөн оны 5,7 дугаар сард хоёр удаа гэмтэл гарч, цаашид ашиглах
боломжгүй болжээ. Тус эх үүсвэрээс Наран, Дарьганга сум цахилгаанаа авдаг, тогтмол хязгаарлалт хийдэг байжээ. Уг нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга М.Идэрбат биечлэн
танилцаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүргийг өнгөрсөн арваннэгдүгээр сард өгч байсан юм.