Монгол, Герман хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-06 17:11:07

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Тус айлчлалтай холбогдуулж Монгол Улс, ХБНГУ-ын харилцааны товч лавлахыг хүргэж байна.


Нэг. Улс төрийн харилцаа

-Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон.

-Герман Улс нэгдсэний дараа 1990 оны сүүлээр ЭСЯ-аа харилцан нээсэн. Үүнээс өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын ЭСЯ Улаанбаатарт ажиллаж байв.

-Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг 2021 оны 12 дугаар сарын 6-нд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр тус тус Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.


Харилцааны эрх зүйн гол баримт бичгүүд

-“Харилцааны үндсийн тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д 1995 онд гарын үсэг зурж харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоожээ. 

-“Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д 2008 оны есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

-“Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан аж. 

-“Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” зэрэг хоёр талт олон улсын гэрээгээр харилцааг зохицуулж байна. 


Харилцаа, хамтын ажиллагааны голлох чиглэл, салбар

-Иж бүрэн түншлэлийн харилцаатай. Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа нь 6 үндсэн чиглэлтэй. Үүнд:

-Улс төрийн харилцаа, 

-Батлан хамгаалах харилцаа

-Эдийн засгийн харилцаа

-Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа

-Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа

-Хүмүүнлэг олон нийтийн салбарын хамтын ажиллагаа зэрэг болно.


Харилцан айлчлалууд

Монголын талаас: 

-Ерөнхийлөгч:          1995, 2000, 2012 (Төрийн), 2015 (ажлын)

-УИХ-ын дарга:        1993, 2007, 2015

-Ерөнхий сайд:        1992, 2002, 2005, 2009, 2022

-Гадаад хэргийн сайд: 1991, 1997, 1999, 2003, 2010, 2012


Германы талаас:

-Холбооны Ерөнхийлөгч:              1998, 2008, 2015 

-Бундестагийн Ерөнхийлөгч:         2006

-Холбооны Канцлер:                      2011, 2016 /АСЕМ/

-Холбооны Гадаад хэргийн сайд: 1996, 2014, 2023


Хоёр талын харилцааны механизмууд

-Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааныг жил бүр зохион байгуулдаг. Уг ажлын хэсгийн ээлжит 8 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2023 оны зургаадугаар сарын 6-нд болсон. Ажлын хэсгийг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар даргалж байна.

-Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг хоёр жил тутам зохион байгуулдаг. Уг хэлэлцээний ээлжит хурлыг 2023 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хэлэлцээг монголын талаас ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, германы талаас Холбооны ЭЗХАХЯ-ны Азийн хэлтсийн дарга И.Неофитоу даргалж байна.

-Монгол, Германы ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Цар тахлын улмаас хойшлоод байсан ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2022 оны зургаадугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. 

-Монгол-Германы Соёл, боловсрол, шинжлэх ухааны зөвлөлдөх уулзалт Берлин хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон. Мөн БХЯ, ЭМЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай. 

-Монгол Улсын УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг 13 гишүүнтэй.  Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажилладаг. Тус бүлэг Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай. Герман-Төв Азийн парламентын бүлгийн даргаар 2022 оноос Германы альтернатив намын гишүүн Ойген Шмидт ажиллаж байна. 


Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа

-Монгол Улс, ХБНГУ нь 1993 онд цэргийн атташе нараа харилцан хавсарган суулгах талаар тохиролцож батлан хамгаалахын хамтын ажиллагаа эхэлсэн.

-“Цэргийн сургалтад тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг 1995 онд, “Цэргийн нууцыг харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг 2009 онд, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 2011 онд тус тус байгуулсан.

-2009-2021 онд Афганистанд явагдсан Энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэсэн.

-“Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуульд Германы Зэвсэгт хүчний штабын офицерууд 2003 оноос тасралтгүй оролцож ирсэн.

-Батлан хамгаалах салбарт өндөр түвшний айлчлал, зөвлөлдөх уулзалт, хамтын ажиллагааны механизмууд тогтмолжсон. Тухайлбал, ХБНГУ-ын ЗХЖШ-ын дарга генерал Э.Цорн 2022 оны зургаадугаар сард Монгол Улсад, Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д 2023 оны наймдугаар сард тус тус харилцан айлчилсан.  

-Уулын явган цэргийн хоёр талын хамтарсан сургалт 2019 оноос хойш тогтмол явагдаж байна.


Улс төрийн намын сангуудын үйл ажиллагаа

-1990 оноос эхлэн Конрад-Аденауэрын сан, Фрийдрих-Эбертийн сан, Ханнс-Зайделын сан зэрэг улс төрийн сангууд манай улс төрийн намууд болон төр засгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, ардчилсан төр, засаг, шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, улс төр, хууль эрх зүйн боловсрол, хэвлэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоход зөвлөгөө өгөх, сургалт явуулах, тэтгэлэг олгох чиглэлээр ажиллаж байна. Хайнрих-Бөллийн сан /Ногоон нам/ бурхны шашны уламжлалт соёл, өв уламжлалыг сэргээх чиглэлээр 1997 оноос төсөл хэрэгжүүлж байсан. Конрад-Аденауэрын сан, Ханнс-Зайделын сан, Фрийдрих-Эбертийн сангийн төлөөлөгчид Улаанбаатарт суурин ажилладаг. 


Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны эргэлт /сая ам.доллар/ 2018-2023 он.


Монгол Улсад 1990-2023 онд ХБНГУ-ын 113 хуулийн этгээд нийт 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.7 хувь байна.

 

Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа

-Тус улс ХБХА-ны хүрээнд 1991 оноос хойш манай улсад 529,6 сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

-Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайжирч, хүн амын орлого нэмэгдсэн үндэслэлээр германы тал 2020 онд хөгжлийн албан ёсны дэмжлэг, туслалцаагаа зогсоосон. Гэхдээ 2022 оноос хөгжлийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламжаа дахин сэргээсэн.


Аялал жуулчлал

Цар тахлын дараа тус улсаас манай орныг зорих аялагч, жуулчдын тоо эргэн өсөж байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 9000 гаруй жуулчин манай улсад ирсэн байна. Берлин хотноо 2021 онд албан ёсоор нээсэн “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааны төв”-д аялал жуулчлал, гадаад сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулдаг.


Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

-ХБНГУ-ын иргэд 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй, манай улсын цахим дипломат паспорт эзэмшигч иргэд 2013 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн хагас жилийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих  болсон. 

-2022 оны  байдлаар Монгол Улсын 7265 иргэн ХБНГУ-д оршин сууж байна. Берлин, Штутгарт, Мюнхен, Нюрнберг зэрэг хот, муж улсад манай иргэд, оюутнууд төвлөрсөн.  


Боловсролын харилцаа

-2022 оны байдлаар, 769 монгол оюутан Германд суралцаж байна. Оюутнууд ихэвчлэн өөрсдийн зардлаар суралцдаг. Түүнчлэн 220 орчим залуус мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан 2023 оноос эхлэн Дрезден хотноо суралцаж буй. Германы улс төрийн сангуудын шугамаар тэтгэлэгт хамрагдан суралцдаг оюутан цөөнгүй. 

-Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг (GMIT) 2014 онд байгуулсан. Тус сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 421 оюутан суралцаж байна. 2018-2023 онд төгссөн нийт 155 төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагджээ. Нийт оюутны 40 хувь нь тэтгэлгээр суралцдаг. Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг, Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилттэй сургалтын төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх GMIT сургуулийн нэрэмжит тэтгэлэг, мөн компанийн нэрэмжит тэтгэлгүүд бий. 


Соёлын харилцаа

-Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1997 онд байгуулсан.

-Улаанбаатар хотод Германы Гёте Институт албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг. Бонн хотын Их сургуулийн дэргэд Монгол судлалын тэнхимтэй бол Берлин хотын Хумболдтын Их сургууль, Лайпцигийн их сургуульд монгол судлаач профессор тус тус ажилладаг.

-Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд Хархорум хотноо тухайн үеийн хоёр улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Роман Херцог нарын ивээл дор эхэлсэн. Хамтарсан экспедицийн судалгааны ажлыг ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны сан, Германы Эрдмийн солилцооны алба, Германы Судалгааны сан, Герда Хенкелийн сан зэрэг байгууллагын санхүүжилтээр хийж ирсэн.


Иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын харилцаа

-Монгол-Германы форум, Монгол, Германы "Гүүр" ТББ, "Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллага хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. ХБНГУ-д ч монгол иргэдийн санаачилсан байгууллагууд олноор бий. ХБНГУ дахь Монгол, монгол-германы ТББ-уудын зөвлөлийг 2014 онд байгуулсан. Орон нутгийн түншлэлийн хамтын ажиллагааны амжилттай жишээ олон бий. Тухайлбал, 

-Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ба Бранденбург мужийн Шөнефелд дүүрэг; 

-Барут/Марк хот ба Хөвсгөл аймгийн Мөрөн хот; 

-Өвөрхангай аймаг ба Хессен мужийн Майн Таунус дүүрэг зэрэг болно. 


Түүнчлэн Төв аймгийн Зуунмод хот ба Нойштадт Доссе хот, Завхан аймгийн Тосонцэнгэл хот Баваар мужийн Вүнсийдел хоттой түншлэл тогтоохоор ажиллаж байна. 


Холбоотой мэдээ