УЕФА-гийн тэмцээнүүдэд оролцох клубүүдэд 2,4 тэрбум еврог хуваарилан олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-08 18:16:42

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 8 /РИА Новости/. Ирэх гурван улирлын хугацаанд УЕФА-гийн Аваргуудын Лиг ба Супер цомын тэмцээнүүдэд оролцох багууд нийтдээ 2,4 тэрбум еврогийн санхүүжилт авна. Энэ тухай Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

 

Лхагва гарагт Парис хотноо болсон УЕФА-гийн Гүйцэтгэх хорооны хурлаас тус холбооны ивээл дор 2024-2027 онд эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээнүүдээс орох орлогыг клубүүдэд хуваарилах журмыг баталсан байна.  

 

Төлөвлөж байгаагаар, нийт орлого 4,4 тэрбум евро болох бөгөөд үүнээс 3,317 тэрбум еврог /93,5 хувь/ холбооноос зохион байгуулах тэмцээнүүдэд оролцогчдод хуваарилах юм. Тухайлбал, УЕФА-гийн Аваргуудын Лиг ба Супер цомын тэмцээнд оролцох клубүүдэд нийтдээ 2,467 тэрбум евро /74,38%/ олгох бол Европын Лигт оролцох багууд 565 сая евро /17,02%/, Конференцийн Лигт оролцогч клубүүд 285 сая еврог /8,6%/ тус тус авна.

 

Парист болсон хуралдаанаар УЕФА-гийн дараагийн их хурлыг Белград хотноо 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд, Гүйцэтгэх хорооны ээлжит хурлыг 2024 оны тавдугаар сарын 22-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ