Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслийг үнэгүй ашиглаж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-12 09:29:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг багасгах, урьдчилан сэргийлэх, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхээр гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, норм, дүрэм, стандарт, тав тух хангасан амины орон сууцны жишиг зургийг боловсрууллаа. 



Тодруулбал, өрөгт бүтээц, төмөр бетон бүтээцтэй 40, 60, 80, 100, 120 м2  талбайтай иж бүрэн ажлын зургийг боловсруулж, шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн болжээ. Эдгээр зураг төслийг газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, төрөл бүрийн хөрсөнд зориулсан цутгамал төмөр бетон баганан, шугаман, хавтан гэсэн гурван төрлийн хийцлэлтэй, дэд бүтцийн хувьд төвийн болон бие даасан эх үүсвэртэй байхаар төлөвлөсөн байна. Материалын олдоцоос хамаарч өрөгт, цутгамал бүтээцийг сонгож ашиглаж болно. Мөн арилжааны банкнаас амины ногоон орон сууцны зээл олгоход тавьдаг шаардлагад ажлын зураг шаарддаг тул дээрх зургийг ашиглах боломжтойг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар мэдээллээ.



Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2012-2013 онд нийслэлийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 47.8, гал түймэр, газар хөдлөлтөд гэр хорооллын 80 хувь нь өртөх магадлалтайг тогтоосон байна. 



Холбоотой мэдээ