Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комисс /НОК/ мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо.
Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний
хур тунадас орж, мөн огцом
хүйтэрч, дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин
үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэл бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус
өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин
нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй байдал үүссэнийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом
нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулжээ.
НОБГ-ын дарга
А.Дашням “Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг гээд нийт 22 хорооны 33 байршилд
халиа тошин үүслээ. Холбогдох
байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг
шуудуу татаж, 401 тн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгож, 205 өрхийг ус,
мөсөнд автах эрсдэлээс сэргийллээ. Мөн
Геодези, усны барилга, байгууламжийн газар, төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл
дутагдалтай тул шийдэх хүсэлт ирүүлж байна. ЦУОШГ-аас шар усны үер
болж болзошгүй тул урьдчилан сэргийлэх зөвлөмж ирүүлсэн. Иймд үерийн эрсдэлээс урьдчилан
сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар шар усны
үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахыг
УБЗАА-нд даалгав. Аж ахуйн нэгжүүдэд тодорхой газрыг хариуцуулж, мөс, лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж
өгөх аж. Мөн тэрбээр, аж ахуйн нэгжүүдтэй энэ сарын 15-ны дотор гэрээ
байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгажээ.
Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс
гаргах юм. Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай
болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот
байгуулалт, хөгжлийн газарт даалгасныг
НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.