Арав гаруй орны залуус эх орон, бүс нутгийнхаа талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-02-25 09:54:56

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал өчигдөр Төрийн ордонд болж, 12 орны 17 намын төлөөлөл болсон залуус дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон, бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниуллаа.


УИХ-ын дарга Г.Зандаршатар “Парламент дахь залууст бид тийм гэж хэлнэ” сэдэвт хуралд оролцож, хэлсэн үгэндээ, “Азийн улс төрийн намуудын  үйл ажиллагаанд МАН 2004 оноос хойш оролцож ирсэн. Тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр 2013 оноос хойш ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гээд, залуу парламентчдын тоог нэмэх төдийгүй удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа болон залуусын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм.



Тэрбээр, залуус сонгуульд санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуус санал бодлоо илэрхийлэх үйл явц идэвхжсэн гэв.


Мөн УИХ-ын дарга монгол орны цас зудын нөхцөл байдал хүндэрч, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ард түмний амьдрал хүндээр тусч байгаа зэрэг улс орны нөхцөл байдлын талаар мэдээлээд, “Та бүхэн монгол орны тухай мэдлэгээ тэлж, хамтран ажиллаж, туршлага солилцож байгаад талархаж байна. Парламентад залуусын оролцоо, манлайллыг хангах талаар олон чухал санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэнийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ