СҮХБААТАР: 600 гаруй хүүхэд танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-27 11:50:02

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан Сүхбаатар аймгийн 600 гаруй хүүхэд танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна. Хэдийгээр цахимаар болон зайнаас суралцаж байгаа ч хичээлийн хоцрогдол үүсэж, хүүхдүүд түлш түлээ, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэл их байгааг БШУГ-аас анхаарууллаа.


Улсын Онцгой комисс болон аймаг орон нутгаас зам нээх ажлыг хийж байгаа ч яг малчны хотонд байгаа хүмүүс чөлөөтэй зорчих боломж хараахан бүрдээгүй. Өөрөөр хэлбэл малчид сумынхаа төв рүү явах замгүй хэвээр байна. Тиймээс нэн тэргүүнд зам нээх асуудлыг шуурхайлахыг сануулж байна. Учир нь малчин өрхүүд түлээгүй болох, хоол хүнсээ татан авч чадахгүйн улмаас хүүхдүүд даарах, өлдөх магадлал их. Тэд хэдий гэртээ байгаа ч цас зуд, малчдын амьдралын яг өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрсдэлт нөхцөлд байгаа. Үүнтэй холбоотойгоор дотуур байранд орох хүсэлтэй хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж байна. Боловсролын байгууллагаас орон нутгийн удирдлагуудтай хамтран хүүхдүүдээ татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн. Мөн хүүхэд бүрд чиглэсэн хандив тусламжийн аяныг салбарын хэмжээнд өрнүүлж байна. Аймаг, сумын төвд ирсэн хүүхдүүдээ ямар нэг байдлаар хүлээн авч, анхаарна гэдгийг аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа хэлэв.


Сүхбаатар аймгийн хэмжээнд боловсролын байгууллагад 20 мянга гаруй хүүхэд суралцдаг. Үүнээс ЕБС-д 14200, цэцэрлэгт 6000 орчим, МСҮТ-д 300 гаруй нь суралцдаг.


Харин 1200 орчим хүүхэд дотуур байранд, 2000 гаруй хүүхэд айлд амьдардаг байна.  

 

Холбоотой мэдээ