СҮХБААТАР: Баруун-Урт сумын үе үеийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025
оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ИТХ болон ЗДТГ-аас санаачлан Баруун-Урт сумын үе үеийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа. 1992 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд ажилласан 30 орчим удирдах ажилтан тус уулзалт, зөвлөгөөнд оролцов.
Тус зөвлөгөөнд Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, сумын Засаг дарга, Орлогч дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарын төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат тус сумын засаг
даргаар 2012-2020 оны
хооронд ажилласан билээ. Тэрбээр тус уулзалтад оролцож үе үеийн
удирдлагуудад орон нутагт хийсэн болон цаашид хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар танилцуулсан
юм. Харин Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Г.Идэрмөнх, Засаг дарга Ж.Жавхаатөгс нар хотын ирээдүйн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Мөн үе үеийн удирдлагууд харилцан саналаа солилцож, өөрсдийн үнэтэй арга туршлагаасаа хуваалцаж, зохих зөвлөгөөг өнөөгийн удирдлагуудад өгч байв.
Тэдний хувьд ингэж уулзаж, ярилцаж, санал солилцож
аймаг орон нутгийнхаа хөгжилтэй
танилцаж буй нь онцгой хийгээд сайхан байна гэдгийг хэлж байлаа.
Б.Раднаа Баруун-Урт
сумын засаг даргаар 2000-2004 онд
ажиллажээ. Тэрбээр хэлэхдээ, одоогоос 20 жилийн өмнөх нөхцөл байдал өнөөгийнхтэй харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай. Тухайн үе бол зах зээлийн шилжилт хийгдээд
удаагүй байсан учир нийгэм цаг үеийн байдал, хүмүүсийн
амьдралын түвшин хараахан бэхжиж амжаагүй байсан үе. Гэсэн хэдий ч бид бүхэн байгаа нөөцдөө тулгуурлан ажиллаж байсан. Мэдээж өнөө цагийн энэ хөгжил дэвшил тухайн өнгөрсөн үетэй салшгүй холбоотой учир бид ч хийх ёстой зүйлээ
хийсээр байсан гэдгээ эргэн дурсаж байгаа нь үнэхээр таатай байна гэсэн юм.
Харин ахмад ажилтан Я.Даваацэрэн 1986 оноос хойш Баруун-Урт
сумын АДИХ-ын нарийн бичгийн даргаар 25 жил ажиллажээ.
Төрийн албанд
намын даалгавраар томилогдон ажиллаад хамт олноосоо маш их зүйлийг сурч боловсорсон. Үе үеийн дарга, удирдлагууд, хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж байсандаа үргэлж талархдаг. Мэдээж
нийгэм, цаг үеээ дагаад сум, орон нутаг маань хөгжин цэцэглэж, одоо энэ албаны залуус маань ч өөрөөр сэтгэж, ажилладаг болсон байна. Хийж бүтээсэн бүхнийг нь хараад
бахархаж сууна. Цаашид нэг хамт олон гэдэг эв эеийг эрхэмлэж, үргэлж нэгнээ хөгжүүлж, сургаж,
газар газрын тэргүүн туршлагуудыг судалж
өөрсдийн ажил хэрэгт тусгаж байх нь
чухал гэдгийг захиж хэлмээр байна хэмээв.
Энэ өдөр үе үеийн удирах ажилтнууд орон
нутгийн бүтээн
байгуулалтуудтай газар дээр нь очиж танилцан, өөр өөрсдийн чиглэлээр одоогийн албан хаагчидтай уулзалт, ярилцлагыг
хийж сургааль, зөвлөгөөгөө өгсөн байна.
Улаанбаатар