Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-28 15:50:03

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.


Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав. Зудын улмаас малын сэг зэм их хэмжээгээр бий болж байгаатай холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах, малын гоц халдварт цэцэг, бог малын мялзан өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, вакцин, тарилга, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан байна.


Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастайгаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл цастай байгаа аж. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 20-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байна. Төмөр зудтай сумдад 42436, цагаан зудтай сумдад 75022 малчин өрх нийт 117458 малчин өрх байна.


Өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсөж, энэ сарын 24-ний өдрийн байдлаар 2,136,563 буюу нийт малын 3.3 хувь нь хорогджээ. Зам даваа хаагдсан15 аймгийн хэмжээнд 52,498 км зам гаргах шаардлагатайгаас нийт 49,699 км зам гаргасан байна.


Холбоотой мэдээ