ДУНДГОВЬ: "Фронт Цэгмид" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-01 18:04:24
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейд “Фронт Цэгмид” фото зургийн үзэсгэлэнг өнөөдөр дэлгэж, тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатруудаа цахимаар танилцуулж байна.


Гуравдугаар сарын 1-7-ны өдөр хүртэл үргэлжлэх музейн нээлттэй өдрүүдээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа бөгөөд өдөр бүр тусгай хөтөлбөрөөр үйл ажиллагаа зохион байгуулах ажээ.


Тодруулбал, өнөөдөр “Фронт Цэгмид” фото зургийн үзэсгэлэн гаргаж, Дундговь аймгаас төрөн гарсан Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатруудаа цахимаар танилцуулах бол бусад өдөр “Гэр бүлийн боловсрол” шавь сургалт, “Монголын нэг өдөр” боловсролын хөтөлбөр, Үндэсний хувцасны танилцуулга, “Эрт галавын амьтан говь нутагт”, Оньсон тоглоом, “Бидний бахархал” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.   


“Фронт Цэгмид” фото зургийн үзэсгэлэнд Гавьяат малчин, ахмад дайчин С.Цэгмидийн фронтод бэлэг хүргэж өгсөн үеийн болон бусад түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зураг, танилцуулга, ярилцлага зэргийг үзүүлж, 1931, 1943, 1946, 1948 онд авч байсан түүний шагналуудыг дэлгэжээ.


Олны дунд “Фронт” хэмээн алдаршсан тэрбээр 100-аас дээш насалсан цөөн ахмадын нэг бөгөөд 1942 онд Дэлхийн II дайны ид үед фронтод бэлэг хүргэж өгөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан түүхийн гэрч болсон хүн юм.


Дундговь аймагт түүхэн энэ хүний тухай олон хүн мэдэх хэдий ч энэхүү сонирхолтой түүхийг нь хүүхэд, залуучуудад танилцуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор уг үзэсгэлэнг нээсэн байна.


1942 онд Монгол Улсаас дэлхийн II дайны ид үед буюу 1942 оны 12 дугаар сард фронтод дээл, цэргийн хувцас, идэш хоол гээд 217 вагон тусламж хүргэж байсныг тэрбээр дурсан ярьдаг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хорь гаруй монгол хүн явж, Москвад очоод дөрвөн хэсэг болон хуваагдахад тэр Свердловскийн фронт дээр очсон гэдэг.


С.Цэгмид гуай, “Свердловскийн фронт бол гардан байлдаанд орж байсан хамгийн хүнд газар байсан. Монголын ард түмнээс явуулсан захидлыг уншиж, бид цэргүүдэд 2-3 янзын дээл, гутал хувцас, гарын саван, бээлий өгч байсан. Тэд бол жинхэнэ гардан байлдаж байсан улс. Явган давшилт хийгээд л, уранхай бакалан гуталтай, уранхай шинельтэй, ус, цасан дундуур мөлхсөн, тийм улсад л бид бүх хувцсыг нь аваачиж өгч байсан даа. 


Тэр хүмүүсийн дунд би хамгийн бага нь 19 настай байлаа. Бид нарыг тэнд байх үед Германаас нэг тосгон чөлөөлсөн. Автомат буу гэдгийг чинь мөрөндөө үүрч, ленттэй 32 сум гардаг буугаар буудаж үзсэн. Газар доор оковтой, тэнд өвс дэвсээд дээр нь нэг шинельтэй тийм орон дээр бид нар зургаа, долоо хонож, бэлгээ тараасан юм даа.


Биднийг агаараар болон явган цэргүүд хамгаалж явдаг байсан. Бэлгээ тараачихаад Сүрэнжав дарга “Бид нар гар бие оролцъё” гээд их буунаас дугтарч үзэж байлаа. Монголын ард түмнээ төлөөлж Сүрэнжав дарга, монгол цэргүүдийг төлөөлж моёор Одсүрэн, эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж би их буугаар буудаж байсан юм. Гэмтэй нь юм уу, гэмгүй нь юм уу, “хэдэн герман сөнөөлөө” гэсэн мэдээ ирж байсан. Орой нь долоон цагийн үед буудахад маргааш нь долоон цагийн үед л сонин дээр гарчихсан байсан. Тэгж нэг дайнд гар бие оролцож явсан юм даа” гэж ярьж байлаа.  


Түүний энэхүү түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Дундговь аймгийн музейгээс үзэж, сонирхох боломжтой юм. 












Холбоотой мэдээ