ДАРХАН-УУЛ: Резидент эмч нарыг сумдад томилон ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-04 16:41:46

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидэнт эмч нарыг орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болгохоор томилсон байна. 




Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн гурван сум, хүн ам ихтэй, ачаалал ихтэй ажилладаг хоёр ӨЭМТ-д нарийн мэргэжлээр ажиллахаар суралцаж буй 20 залуу эмч томилогдон ирсэн аж.


Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нар залуу эмч нарыг хүлээн авч уулзан, орон нутгийн онцлог, ӨЭМТ-үүдийн үйл ажиллагааг танилцууллаа.




Шарын гол, Орхон, Хонгор суманд сэргээн засал, мэдээгүйжүүлэг, хүүхэд, эмнэлзүйн эмгэг, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламж, нүүр ам, мэс засал, дүрс оношилгоо, дотор, эрчимт эмчилгээ, зүү эмчилгээ зэргээр мэргэшин суралцаж буй залуу эмч нар 45 хоногийн хугацаанд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ