Батлан хамгаалах яам, Хөдөлмөрийн яам хамтран ажиллана

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-07 16:43:34

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад  мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа.

 Санамж бичгийн ач холбогдлыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Манай хоёр яамны хооронд байгуулж байгаа энэ баримт бичгийн ач холбогдол маш өндөр. “Ажилтай орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг санамж бичгийг байгуулснаар  юуны түрүүнд эцэг эхчүүд хүүгээ цэрэгт явуулахад сурч боловсрох, мэргэжил эзэмших цаг хугацаагаа алдана хэмээн санаа зовох хэрэггүй болох юм. Учир нь залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа мэргэжил эзэмшдэг болно" гэсэн бол  БХ-ын сайд Ц.Цолмон "2010 оноос хойш Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран 1000 гаруй цэргийг тусгай мэргэжилтэй болгосон байна. Барилгачин, мужаан, барилга засал, токарчин, жолооч гээд нарийн мэргэжлээр сургасан. Ялангуяа, орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиуд маань орон нутгийнхаа Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй илүүтэй хамтран ажиллаж байна. Харин мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт 2012 оноос эхлүүлсэн ба одоогоор 3000 цэргийн алба хаагч хамрагдсан байгаа" гэв.

Түүнчлэн уг санамж бичигт цэргийн алба хаагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах,  мэргэжил сурталчлах, чадварлаг боловсон хүчин болгоход чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн хамт  цэргийн алба хаагчдын мэргэжил, ажлын дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх,   Барилгын цэргийн ангийг түшиглэн сургалтын дадлагын газрыг  байгуулж,  цэргийн алба хаагчдад барилгын салбарын мэргэжил эзэмшүүлэхэд хамтран ажиллах боломж ч бүрдэж буй юм. 

Санамж бичигт тусгасан өөр нэг чухал заалт нь автомашины засварчин,  мэргэшсэн жолоочийн чиглэлээр цэргийн алба хаагчдыг сургаж, зэвсэгт хүчний анги, салбарт жолооны сургалтын үйл ажиллагаа явуулахад хоёр тал хамтрахаар болж байна. 

Ж.Батсайхан

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд