Дутертегийн хэлсэн үгэнд тайлбар хийхийг Германы ГХЯ шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 17:37:58

БЕРЛИН./BBC/. ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдэл гаргаж “Филиппин улсыН Ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийн явуулж буй хар тамхины эсрэг дайныг нацистууд еврейчүүдийг хоморголон устгасан явдалтай зүйрлэсэн нь байж болшгүй үйлдэл” хэмээн зэмлэн буруушаалаа.

Р.Дутерте хэлэхдээ “Гитлер гурван сая еврейчүүдийг устгасан, би ч мөн адил хар тамхичдын эсрэг ийм зүйл хийхэд бэлэн” гэсэн утгатай үг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Германы Гадаад хэргийн яам Филиппинийн элчин сайдыг дуудан ирүүлж, дээрх үгэнд тайлбар өгөхийг шаардсан байна.  

Шуугиан тарьсан мэдэгдэл хийдэг гэдгээрээ зард гарсан Дутерте өөрийн 22 жилийн турш даргалж байсан Давао хотод очихдоо цугларсан олонд хандан “ирээдүй хойч үеийнхээ тусын тулд 3 сая хар тамхичныг дуртайяа устгах болно. Германд Гитлер байсан бол Филиппинд мөн адил байх болно” гэж хэлээд өөр рүүгээ зааж байжээ.

Дутерте-гийн явуулж буй хар тамхины эсрэг тусгай ажиллагааны явцад 3000 хүн амиа алдсан гэх мэдээлэл байна.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ