БАЯНХОНГОР: Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийг тоног төхөөрөмжөөр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-13 12:14:40

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Алсын гялбаа” сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийн үйлчилгээг эрчимжүүлэн, үйл ажиллагааг өргөжүүлэхэд орон нутаг анхаарч байна.


Тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үйлчлүүлэгчийн хүлээлгийн буйдан, гадна хаяг, хэвлэгч, цахим VPN Router, зөөврийн компьютер, хурууны хээ уншигч зэрэг 13 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, хэрэгслийг өнөөдөр гардуулан өглөө.


Иргэд өөрсдийн нийгмийн хариуцлагыг ухамсарлан эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, ялангуяа бэлгийн боловсролын тухай мэдлэг, хандлагаа нэмэгдүүлэн тэлэх нь чухал асуудал болоод байгааг удирдлагууд онцолж байна.


Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв нь аймгийн төвийн Есөн-Эрдэнэ төв захад 2023 оны есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус төв нь ХДХВ/ДОХ, тэмбүү, элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнүүдийг эрүүл мэндийн даатгал харгалзахгүй үнэ төлбөргүй хийж, 5 минутын дотор хариуг гарган үйлчлүүлэгчид хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч байна.


"Алсын гялбаа" төвд 2023 онд 580, 2024 оны эхний хоёрдугаар сарын байдлаар 200 гаруй иргэнд шинжилгээ хийж, зохих зөвлөгөөг өгчээ.


Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийг хүн ам их төвлөрсөн зах, худалдааны төвүүдэд байрлуулснаар эмнэлэгт дараалал үүсгэхгүй байх боломж бүрдэж байгаа бөгөөд явуулын хүн ам, залуучууд, эрэгтэй, эмэгтэй бүх насныхан үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна.



Холбоотой мэдээ