Дархан-Уул: Ойн сан бүхий газрыг нөхөн сэргээх, ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-14 17:19:46

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Европын холбооны хамтарсан санхүүжилттэй "Найрамдал" төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, БиФлат Сервис, Грийн Вөркс зөвлөх үйлчилгээний байгууллага болон ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургууль хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.




Хамтын ажиллагааны хүрээнд ойн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж, Дархан-Уул аймгийн ойн сан бүхий газрыг ойжуулах, нөхөн сэргээх, ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх юм.


Энэхүү төсөл нь үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний ээлжид Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын нутаг дэвсгэрт 1000 га ойн талбайг сонгож макро эдийн засгийн хүчин зүйл, орон нутгийн дэмжлэг, тариалалтын менежментийг харгалзан зорилтот ойн сан бүхий 10000 га талбайд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, зураг төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.




Түүнчлэн энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах ажлууд хэрэгжих юм. 

Дархан-Уул аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаараа тэргүүлэгч аймаг болно.




Сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан Монгол Улсын хэмжээнд анхны төслийг санаачлан хэрэгжүүлнэ.

Нүүрстөрөгчийн үнийг тогтоох арга хэрэгслийг чухалчлан, дэлхийн конвенц, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд холбоотой бодлого, зураглалыг бий болгох.

Хөрөнгө оруулалт, санхүүжилт бий болгох, Монгол Улсын байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх урт хугацааны ойн хөрөнгө оруулалт, менежментийн ногоон санхүүжилтийг Дархан-Уул аймагт татна.




Дархан-Уул аймагт "Ойн нүүрстөрөгчийн хийг бууруулах" болон түүний худалдан авах загвар гэрээтэй болох мөн Верра (VERRA) стандартаар дамжуулан дагаж мөрдөх, нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлд нэвтрүүлэх боломжийг нээх юм.

 

Холбоотой мэдээ