Өвөрхангай аймаг руу хөрөнгө оруулалт татах чуулга уулзалт Улаанбаатар хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-15 16:24:58

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас "Growing Uvurkhangai" хөрөнгө оруулалтын чуулганыг Улаанбаатар хотноо 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.


Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой юм.


Энэ үеэр ойрын ирээдүйд Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулна. Тодруулбал, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн “Шинэ Хархорум” хот байгуулах, говийн бүсийг гадаргын усаар хангах “Орхон-Онги” төсөл, Баянтээгийн 40 МВт чадалтай цахилгаан станц барих зэрэг олон том төслүүд яригдаж байгаа юм. Мөн Арвайхээр сумыг Дундговь аймгийн Мандал-Овоо, Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сум, Шивээхүрэнгийн боомттой холбох авто замын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгаад байна.


Мөн аймгийн эдийн засгийн хөгжлийн загварчлалыг судалгаанд үндэслэн боловсруулж, цаашид кластер хэлбэрээр хөгжих боломжтой үйлдвэрлэл, үйлчилгээний төрлүүдийг тодорхойлсон бөгөөд Хөрөнгө оруулалтын чуулганаар энэ бүгдийг танилцуулж, мэдээлэл хүргэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ