Унаж татдаг өвчтөнд мэдрэл цочроох төхөөрөмж суулгах мэс заслыг Монголд анх удаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 09:53:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх удаа байнга унаж татдаг өвчтөний мэдрэлийн эсийг цочроох, суулгац суулгах мэс засал хийжээ.


Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын профессор Чангин Лиугийн хамт унаж татдаг эмгэгтэй, долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулсан байна. Тэднээс олдмол шалтгааны улмаас зургаан настайгаасаа эхлэн унаж татах эмгэг туссан, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчийг сонгон энэхүү эмчилгээг хийжээ.


Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох хэрэгслийг суулган, цахилгаанаар өдөөж эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовуурь, эрсдэл багатай, дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай дээрх өвчнийг эмчлэх нэг сонголт болж өргөн нэвтэрч байгаа юм.


Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй эмгэг, эсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, их тунгаар эм хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодод хөнөөл багатай эмчилгээ болдгоороо ач холбогдолтой.


Эмчлүүлэгч хагалгааны дараа хоёр дахь хоног дээрээ энгийн тасаг руу шилжсэн, биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байгааг эмч нар онцоллоо. 

Холбоотой мэдээ