ДАРХАН-УУЛ: Иргэд төлөөлөх эрхгүй субъекттэй орон сууц захиалгын гэрээ хийж хохирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-20 11:59:25

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Иргэд өөрийн орон сууцтай болохоор сурталчилгаа хийж захиалга авч буй барилгын компаниудын төлөөлөгчтэй уулзаж гэрээ байгуулдаг. Гэвч хууль, эрхзүйн мэдлэг дутмаг, тухайн барилгын компаниа сайн судлаагүйгээс үүдэн хохирогч болох тохиолдлууд гарч байна.


Захиалга авч буй этгээд нь тухайн компанийг төлөөлөх хууль ёсны ажилтан мөн эсэхийг судлахгүйгээр урьдчилгаа болон тухайн худалдан авч буй байрныхаа үндсэн төлбөрийг төлж залилуулж байгаа тул анхаарал, болгоомжтой хандахыг хуулийн мэргэжилтнүүд зөвлөж байна.


Тухайлбал Дархан-Уул аймгийн Нотариатын албаны дарга Д.Гантулга хэлэхдээ, Орон сууц захиалгын гэрээг хуулийн дагуу шаардлага хангасан гэрээ гэрчилдэг. Иргэд хуульчаас эрх зүйн зөвлөгөө аваагүйгээс төлөөлөх эрхгүй субъекттэй орон сууц захиалгын гэрээ хийж хохирсон үйлдлүүд гарсаар байна. Хувь лизинг буюу арилжааны банкаар дамжуулах бус тухайн компанитай гэрээ хийж хохирч байна.


Хуулийн хэллэгээр хувь лизинг гэсэн гэрээ байхгүй. Зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байдаг. Үүнийг нотариат тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх баримтаар авч гэрээг гэрчлүүлээд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэж, худалдан авч буй талын өмчлөх эрхийг хамгаалж гэрчилдэг. Тиймээс эд хөрөнгө, санхүүгээр хохирохгүйн тулд сайтар судлах хэрэгтэйг анхааруулав.


Харин аймгийн Өмгөөлөгчийн зөвлөлийн Өмгөөлөгч Б.Чинбаатар хэлэхдээ, Иргэд ихэвчлэн хохирсныхоо дараа өмгөөллийн байгууллагад хууль зүйн туслалцаа хүсдэг. Цаашдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд ямарваа нэг гэрээ хийж, эрх зүйн харилцаанд орохдоо урьдчилан хууль зүйн зөвлөгөө авч, хууль, хяналтын байгууллагууд илүү сайн нягт хамтран ажиллах хэрэгтэй. Өмгөөллийн байгууллагаас төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгдөг гэдгийг онцлов.


Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сэрүүнтунгалаг,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 онд 25 хэргийн 28 хүнд холбогдох 85 хохирогчийн 610.7 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хохирогчийн тоо нэг дахин, хохирлын мөнгөн дүн 5-6 дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.


Тиймээс телевиз, цахим орчинд залилангийн гэмт хэргийн эсрэг ухуулга сурталчилгаа явуулсаар байхад иргэд хохирсоор байна. Тиймээс хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж гэрээ байгуулах, тухайн этгээдийг хууль ёсны гэдгийг батлах бичиг баримтыг шаардаж гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ