БАЯНХОНГОР: Сансрын нисгэгчдийн хөшөө 43 жилийн түүхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол хүн хамтарсан багаар сансарт ниссэний түүхэн баярт өдрөөр Баянхонгор аймгийн ууган сургууль болох Нэгдүгээр арван жилийн сургуульд Сансрын нисгэгчдийн хөшөөний суурийг цутгаж, мөн ондоо бүтээн барьж байсан түүхтэй. Хөшөөний өндөр багцаагаар хоёр давхар байшинтай дүйхүүц бөгөөд хоёр орны нисгэгч, сансрын хөлгийг дүрсэлсэн хэлбэртэй.
"Номун далай" цогцолбор сургуулийн багш ажилчид, суралцагч, төгсөгчдөд сансрын нисгэгчдийн хөшөөний урд авахуулсан зураг байх бөгөөд монгол хүн сансарт ниссэний түүхт өдрөөр хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг. Тус сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинэ сургуулийг ашиглалтад оруулсан ч тус хөшөөг байсан газарт нь хэвээр үлдээжээ.
1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутад сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
Сонирхуулахад, хуучнаар Нэгдүгээр арван жилийн сургууль, одоогийн Номун далай цогцолбор сургууль нь Цэцэрлэг мандал уулын Баянхонгор хайрхан уулын хошууны Улаан булаг гэдэг газар одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хошуу танхим анх удаа байгуулж, 1923 онд 25 сурагч, 2 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Улмаар 1941 онд Номгон хайрхан уулын бэл, Түйн голын эрэгт нүүн суурьшиж, Баянхонгор аймгийн долоон жилийн сургууль болж, найман багш, 240 гаруй сурагчтайгаар өргөтгөж байсан түүхтэй. 1964 онд гурван давхар хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулж байжээ.