Чингис хааны тахилгын ёслол Осака хотод болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-03-25 12:43:50

Осака, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийгмийн сайн сайхан үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг Их Эзэн Чингис хааны тахилгын ёслол ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Япон улсын Осака хотын Огимачи хүрээлэнд болно. Уг ёслолыг 17 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.


Их эзэн Чингис хааны тахилгын ёслолыг санаачлагчдын нэг нь Ачиката сан хэмээх Японы нэгдүгээр зэргийн барилгын инженер, монгол ахуй соёл, өв заншлыг насан эцэстлээ судалж, түүнийг таниулж сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм ажээ. Тэрбээр 2005 оноос монгол гэрийг судалж, газар хөдлөлтийн бүсэд хамгийн тэсвэртэй энэхүү сууц нь дэлхийн  аль ч орны орон сууцны зохион байгуулалтаас олон давуу талтай хэмээн бичиж байжээ. Энэхүү ёслолд Кансай дахь монголчууд болон бусад олон орны зочид хүрэлцэн ирдгээрээ онцлог юм.


Тус ёслолын ерөнхий зохион байгуулагчаар Япон улсад амьдардаг, Эзэн Богд Чингис хааны тахилгын эрхлэгч, “Хөх туг” нийгэмлэгийн тэргүүн, боловсролын удирдлагын доктор (Pn.D) У.Өргөн ажиллаж байна. Тэрбээр Монгол Улсаа сурталчлах, соёлын өв санг өргөжүүлэх, Япон, Монголын соёлын солилцоог олон нийтэд таниулах ажлыг хариуцдаг юм.

 

Тэрээр, “Өнөөгийн байдлаар, Япон улсад өвөрмонгол иргэд 10 мянга гаруй, Монгол Улсын 8 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. Тэднийг өвөг дээдсийнхээ үнэт зүйлсийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй байгаасай гэж хүсдэг. Монголын бахархал бол Чингис хаан гэдгийг дэлхийд сурталчлахыг бид зорьдог. Тиймээс монгол үндэстнийхээ агуу их түүхийг таниулж, мэдрүүлэх зорилготойгоор энэ тахилгын ёслолыг зохион байгуулдаг. Жил бүр тасралтгүй зохион байгуулсны үр дүнд гадаадад амьдарч байгаа монголчуудын түүхийн мэдлэг мэдээлэл харьцангуй сайжирсан” гэсэн юм.

В.Сарантуяа 

Холбоотой мэдээ