Барилгын материалын шинэ технологи, шинэ орон сууцны үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-25 15:46:19

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлж, Монгол Улсын өнцөг, булан бүрд барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Мишээл” экспотой хамтран шинэ технологийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.


Тодруулбал, энэ сарын 28-нд “Мишээл” экспод барилгын материалын шинэ техник, технологиор хийсэн бүтээгдэхүүн, дэвшилтэд технологи, инновацлаг бүтээгдэхүүн танилцуулах олон улсын үзэсгэлэн болно. Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнд Монгол, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 30 орчим орны барилгын материал үйлдвэрлэгч импортлогч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.


Тэгвэл ирэх сарын 4-7-нд шинээр орон сууц худалдан авах, амины орон сууц барихаар төлөвлөж буй иргэдэд зориулан “Орон сууц, амины орон сууц” үзэсгэлэнг зохион байгуулна. Тус үзэсгэлэнгээс нийслэл хотод хэрэгжүүлж буй шинэ орон сууцны төслүүдтэй танилцаж, олон талт мэдээллийг нэг дороо авч болохоос гадна захиалга өгөх боломжтой аж. Үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид оролцоно.


Энэхүү үзэсгэлэнгээс барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэл, хүнд машин, механизм худалдаалагч, орон сууц, амины орон сууц, хот тохижилт, барилгын материал, барилга угсралт, зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч, архитектур, геодези зураг зүйн болон барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр бүхий л мэдээллийг авах боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ