ЗАВХАН: Дуут хаданд очиж хуримын зургаа татуулдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-25 17:43:06

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сантмаргаз сумын төвөөс зүүн хойно 23 километрт байрлах Дуут хад буюу Дэрэн чулуунд зорин очиж, шинээр гэр бүл болж буй залуу хосууд хуримын дурсгалын зургаа татуулдаг болжээ. 


Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна.


Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж, дуут чулууг хөглөн ая тоглох дуртай юм. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар ажээ. 


Харин сүүлийн үед тус сумын залуу хосууд хуримын дурсгалын зургаа очиж татуулдаг болжээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй залуу хос өөрсдийн хуримын цомгийн дурсгалт зургийг Дуут хаданд очиж татуулснаа цахим орчинд нийтэлжээ.


"Төрөлх сумандаа байдаг түүхэн дурсгалт газруудыг гэрэл зурагт мөнхөлж, тухайн газрын түүхийн талаар цахим орчинд сурталчилж мэдээлж байгаа нь сайшаалтай. Ер нь залуучууд ямарваа нэгэн түүхийн дурсгалын талаарх мэдлэг ойлголтоо нэмж, хадгалж хамгаалахын учир холбогдлыг тунгааж, олон нийтэд таниулах нь эерэг үр дүнтэй юм.  


Дуут хад нь гурван жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган чулуутай. 


Баян улаан багийн нутаг, Буга согоот буюу Дуут хад хэмээх энэ чулуун дээр янгир, чоно, нохой, буга, адуу зэрэг амьтан болон жад барьсан хүнийг дүрсэлсэн хадны зураг бий" гэж Сантмаргаз сумын Соёлын төвөөс мэдээлэв. 


Холбоо нуурын эрэгт

Сантмаргаз сумын суугуул иргэн Д.Бадамдорж, Э.Пүрэвсүрэн:

-Хуримын гэрэл зургууд маш сайхан юм. Яагаад заавал эдгээр газрыг сонгосон бэ?

-Манай нутгийн Дуут хад их сонин тогтоцтой, маш олон төрлийн дуу чимээ гардаг түүх, соёлын үнэт өв гэж мэддэг. Жил бүр очихыг боддог. Эхнэр Э.Пүрэвсүрэнтэйгээ ярилцаад хуримын зургийн цомогтой болъё.

Ялангуяа Завхан нутгийнхаа үзэсгэлэнт байгальд зургаа татуулж дурсгал болгож үлдээе гээд. Тэгээд эхнэрийнхээ төрсөн нутаг Сантмаргаз нутгаас эрч хүч энерги авах. Бахархах хайрлах үзлээ ажил хэрэг болгож, хамгийн түрүүнд Дуут хаданд очиж зургаа татуулсан. Хуримынхаа цомогт их ач холбогдол өгч, мэргэжлийн гэрэл зурагчинтай хамтарч ажилласан.

Дуут хад

Ер нь хурим гэдэг амьдралд нэг л тохиодог. Мөн залуу насны эрч хүч, царай төрхөө нутгийнхаа байгалийн үзэмжтэй хослуулан авч үлдсэнээрээ эргээд энэ нутаг уснаас хүн болсон юм шүү гэх сэтгэгдлийг үлдээх, бахархмаар үйл явдлаа үр хүүхдүүддээ үлдээх нь л чухал санагдсан.


Бор хярын элс

-Үе тэнгийн залуусаа энэ зургаараа уриалж цахим хуудастаа бичсэн байсан?

-Тийм ээ. Бид Сантмаргаз сумын Дуут хаданд эхний зургаа авахуулж, үргэлжлүүлээд Баян нуурын хөвөөнд, Бор хярын элс, Холбоо нуур гээд Завхан нутгийнхаа сайхан газруудыг сонгож гэрэл зургаа татуулсан. Мэдээж хүн хамгийн аз жаргалтай мөчөө, бахархмаар, огшмоор мөчөө олон нийттэй хуваалцах нь сайхан шүү дээ.

Сантмаргаз сум. Баяннуур

Олон залуу хуримынхаа ёслолын тухай сайхан түүхийг гэрэл зурагт үлдээдэг. Гэхдээ бид унасан газар, угаасан ус, байгалийнхаа үзэсгэлэнд ялангуяа түүхийн үнэт дурсгалуудын хамт мөнхөлнө гэдэг их хувь шүү. Тийм сайхан үзэсгэлэнтэй нутаг усаа хайрлах нь чухал гэдэг мэдээллийг л олон нийтэд үзүүлэх гэж пост бичсэн. Хандалт ч маш сайн байсан. Олон залуу биднээс санаа авч гэрэл зургаа татуулсанд баяртай байгаа.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ