Эмийн жорыг цахимжуулахад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-27 14:58:26

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эмийн жорыг И-Монголиад оруулж байгаа талаар дараах мэдээлллийг өглөө.


Тэрбээр, “Эмч жороо И-Монголиа системд оруулснаар, эмийн санч цаасан жор асуухгүйгээр цахим системээс эмчийн жорыг харах боломжтой. И-Монголиа системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харж болно. Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монголиа систем дэх иргэний хуудсанд байрлуулна. Мөн хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт, бүх төрлийн шинжилгээний хариу зэрэг мэдээллийг И-Монголиа системд оруулна. Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ” гэв. 


Түүний мэдээлснээр эл системд шинээр долоон үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл, эмчийн үзлэгийн түүх, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг байршуулсан байна.

Холбоотой мэдээ