“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 09:42:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцэж, нүүрсний ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталсан байна. Энэ нь өмнөх тооцооллоос 1.8 тэрбум тонн буюу 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.


Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд 5.1 тэрбум тонн хэмээн тооцоолж байжээ. Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг аж. Тус компани он гарсаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий дөрвөн сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.


“Эрдэнэс Тавантолгой” компани 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэн бүрд 256 мянган төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болсон юм.




Холбоотой мэдээ