Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 15:52:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.


Уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын 2023 оны ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2024 оны эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлов. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Манай улсад олон жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн. Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийг баталсан. Ингэснээрээ эрүүл мэндийн салбар бодлогын хоёр тулгууртай болсон. Эмийн импортын 30 хувийг төр хянах боломжтой болсон. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн тодорхой хувийг зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.


Ингэснээр иргэдэд эмчилгээний зардлын таван хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувь болголоо. Эрүүл мэндийн салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 57 хувийг барилга байгууламж, 36 хувийг тоног төхөөрөмж, 7.0 хувийг их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг дунджаар 26-54 хувиар нэмсэн бөгөөд ирэх сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмнэ.


Орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэнэ. Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон олгуулахаар болсон. Энэ жил орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний нийт автомашины 50 хувийг шинэчилнэ” гэлээ.




Холбоотой мэдээ