ДАРХАН-УУЛ: “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хамрагдалт өмнөх оноос буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтыг анх 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Их, дээд, мэргэжлийн сургуулиудыг түшиглэн Дархан-Уул аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулж буй сургалтад хамрагдаж буй оюутнууд батламжаа гардан авлаа.
Энэ жил нийт 46 оюутан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна гэж аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Д.Пүрэвсүрэн мэдэгдлээ.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус цэргийн жинхэнэ алба хаагчдын адил эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалт зэрэг тусгай шалгуурыг хангасан тохиолдолд тэнцдэг байна.
Дархан-Уул аймагт дахь ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, АШУҮИС-ийн Анагаахын сургууль, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агро экологи, бизнесийн сургууль, Дархан политехник коллежийн оюутнууд хамрагдаж байна.
Оюутан цэргүүд гуравдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг дуустал танхимын сургалтад хамрагдана. Харин хээрийн бэлтгэл танхимын сургалт дууссан өдрөөс наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцааг орон нутгаас дэмжин ажиллахын зэрэгцээ, хээрийн бэлтгэл хийх газрын цэрэгжилтийн хангалтад зэвсэгт хүчний 330 дугаар анги хамтран ажилладаг.
Өнөөдөр болсон “Оюутан цэрэг”
хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга
С.Насанбат, Засаг даргын орлогч Б.Жавхлан, ЗДТГ-ын Цэргийн
штабын дарга, хурандаа
Д.Пүрэвсүрэн, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаахын ухааны сургуулийн
захирал Б.Баясгаланмөнх болон их, дээд сургууль, коллежийн оюутан, залуучууд, ар
гэрийн төлөөлөл оролцлоо.