ХОВД: "Инженер, техникийн ажилтан-багш солилцоо" хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-03 14:44:00

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр "Залуу инженерүүд хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 

Үүнд "Хөгжил" политехник коллежтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүд болон багш нарын төлөөлөл 50 гаруй хүн оролцож, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцжээ.

Тодруулбал, уулзалтын явцад "Инженер, техникийн ажилтан - багш солилцоо" хөтөлбөрийн төсөл, коллежийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулж, оролцогчдын саналыг авч баталсан байна.

Онцлоход, "Инженер, техникийн ажилтан - багш солилцоо" хөтөлбөрийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр боллоо.  

Хөтөлбөрийн хүрээнд "Хөгжил" политехник коллеж болон Залуу инженерүүдийн холбоо, бусад байгууллага хамтран ажиллана. Улмаар коллежийн сургалт, судалгаа, инновац, үйлдвэрлэлийн дадлагын чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Ховд аймагт одоогийн байдлаар 300 гаруй инженер бий. Энэхүү мэргэжлийн үнэ цэнийг тодруулах, залуу инженерүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн  ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт ажил цаашид өрнөх юм.     

Холбоотой мэдээ