Эмийн жор, шинжилгээний хариу зэрэг үйлчилгээг ирэх сараас өмнө цахимд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-08 13:03:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. ЦХХХЯ, ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 


Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал, “Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, систем хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэхийг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөл бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой болсон. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "И-Монгол"-д эрүүл мэндийн нэн шаардлагатай “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цахимд шилжүүлэн, 5 дугаар сарын 4-нөөс өмнө нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд цаг, мөнгө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг багасгах боломжтой”-г илтгэлдээ онцолсон юм. 



Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны зөвлөлийн шинжээч, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахам ДЭМБ, Олон улсын цахилгаан холбоо хамтран гаргасан “Цахим эрүүл мэндийн хүрээ”-ний талаарх мэдээлэл өглөө. Уулзалтаар ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Салбар хоорондын мэдээлэл солилцоо” , Азийн цахим эрүүл мэндийн холбооны олон улсын зөвлөх Амийра Хамидын “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”-г танилцуулав. Мөн “Их өгөгдлийн дүн шинжилгээ”, “Алсын зайн анагаах ухааны олон улсын сайн туршлага”, “Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь”, "Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг сайжруулахад телемедицин ашигласан туршлага" илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Холбоотой мэдээ