Итали улсад Монголын соёл судлалын төв байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-ийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" гэсэн зорилтын хүрээнд энэхүү төвийг нээж буй юм.
Нээлтийн ёслолд Флоренцийн их сургуулийн захирал Аллесандра Петручи, Пармагийн их сургуулийн дэд захирал Мария Чечилия Манчини тэргүүтэй хоёр их сургуулийн удирдлагууд үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир илтгэл тавьсан бөгөөд эрдэмтэн багш нар, монгол, итали оюутнууд оролцов.
Энэхүү соёл судлалын төв нь монгол хэл, соёл, өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр ажилладаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Түүнчлэн энэхүү "Монголын соёл судлалын төв" нь Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж Соёлын яам мэдээлэв.