Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-22 15:36:11

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтаар тус театр үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулав. 

850 хүний багтаамжтай уг театр ашиглалтад орсноор 341 мянган хүн амтай СХД-ийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм.


Мөн энэхүү театр нь хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох аж. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. 


Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөжээ.


Холбоотой мэдээ