Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд нүүдэлчний өв соёлыг харуулсан уулзалтын булан нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-23 09:31:20

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 22-нд Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд нүүдэлчний өв соёлыг харуулсан уулзалтын буланг албан ёсоор нээв. Монгол Улсыг сурталчлах зорилгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас уг уулзалтын буланг санаачлан байгуулжээ. 


Нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана нар үг хэлж, чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид оролцов. Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь НҮБ-ын хурлын төв байранд нүүдэлчний соёлын өв, хэв шинжийг агуулсан тэр дундаа монгол гэрийн хэв маяг бүхий, тогтвортой байдлыг чухалчилж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигласан, орчин үеийн өнгө төрхтэй уулзалтын буланг анх удаа байгуулснаараа энэ нь онцлог байв.


Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд жилд ойролцоогоор 3000 орчим олон улсын хурал, уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулагддаг бөгөөд тус хотод НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын 30 гаруй байгууллагын Ази, Номхон далайн салбар төвүүд байрладаг.

Холбоотой мэдээ