Бен Стиллер хорт хавдартай хэрхэн тэмцсэнээ ярилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-10-05 14:49:26

НЬЮ-ЙОРК. /ABC/. Инээдмийн киноны нэрт жүжигчин Бен Стиллер хоёр жилийн өмнө түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон билээ.

Өдгөө 50 настай түүнийг аминд халтай хорт хавдар туссан гэж эмч нар хэлэхэд тэрбээр маш их гайхсан байна.

“The Howard Stern” шоунд оролцох үеэрээ Стиллер “энэ нь миний хувьд гэнэтийн зүйл байсан бөгөөд би ямар ч ойлголтгүй байсан. Эхэндээ би цаашид юу болох талаар юу ч бодож чадахгүй байлаа. Би үнэхээр их айсан. Ийм явдал амьдрал дахь бүх зүйлийг зогсоодог, яагаад гэвэл үүнээс болоод цаашид юу болохыг мэдэхгүй учир кинонд тоглож чадахгүйд хүрсэн” хэмээн ярьжээ.

Бен 2014 онд дунд үедээ орсон хорт хавдартай гэж оношлогдсон байна. Тэрбээр мэс засалд орсон бөгөөд гурван сарын дараа гэхэд бүх зүйл эргээд хэвэндээ оржээ.

“The Zoolander” киноны гол дүрийн жүжигчин тэрбээр хорт хавдрын эсрэг хийсэн тэмцлийнхээ талаар бусдад ийнхүү ярихыг хүссэн гол шалтгаан нь, түрүү булчирхайн өвчнийг тодорхойлох эсрэг биетийн шинжилгээний /Prostate-Specific Antigen (PSA)/ талаар бусад хүмүүс мэдээсэй гэж хүсч байгаад ажээ.

Бен одоо эхнэр Кристин Тейлор болон 14 настай охин Элла, 11 настай хүү Күин нарын хамт амьдардаг. Тэрбээр хэлэхдээ “би энэ зүйлийн талаар ярихыг хүссэн шалтгаан нь PSA шинжилгээтэй холбоотой юм. Учир нь энэ шинжилгээ миний амийг аварсан гэж би боддог. Энэ төрлийн хорт хавдар нь хоёрт орохоор хамгийн үхлийн аюултай хорт хавдар боловч хамгийн эмчлэгдэх боломжтой өвчнүүдийн нэг” гэжээ.

Өвчнөөс ангижирсан тэрбээр ажилдаа эргэн орсон бөгөөд “Brad's Status” хэмээх шинэ инээдмийн кинонд дүр бүтээж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ